Sunday, November 24, 2024

Мал эмнэлгийн ерөнхий газар: Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг танилцуулж байна

Date:

Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргасан мал, амьтны халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга, зөвлөмжүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа боом өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг танилцуулж байна.

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.Боомын үүсгэгч нь Bacillaceae-ийн овог,  Baccillus-ийн төрлийн Bacillus antrhracis зүйлд хамаарах нян бөгөөд наацанд хоёр төгсгөл нь тэгш, ганц хоёроор буюу гол төлөв урт гинж үүсгэн байрласан Грам-эерэг савханцар хэлбэртэй, бүрээс үршил үүсгэнэ. Боом өвчнөөр таван хошуу мал, гахай, зээр, гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, нохой, үнэг, хярс, бар, арслан зэрэг амьтан өвчлөхөөс гадна  хүн өвчилнө.

Тархалт

Манай улсын уулт хээр, тал хээрийн чийглэг хар хүрэн хөрс бүхий бүс нутагт боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байна. 1 хот 19 аймгийн 157 сум боомын голомттой.

Халдварын эх уурхай

Боом өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.

Халдвар дамжих зам

Боомоор өвчилсөн, үхсэн  мал, малын түүхий эд,  хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос,  халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн  орсоноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн  хэлбэр болдог. Хүний өвчлөл дараах эмнэлзүйн  хэлбэрээр илэрнэ.

Уушгины хэлбэр

Агааржуулалт муутай  нөхцөлд  хөрс, бууц цэвэрлэх, арьс элдэх, ноос, яс боловсруулах зэрэг үед боомын нян аэрзоль байдлаар цацагдаж амьсгалын замаар боомын халдвар үүсгэнэ. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханмалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Гэдэсний хэлбэр

Боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь мал, амьтны гаралтай халдвартай бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэснээс үүснэ. Халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.

Арьсны хэлбэр

Халдвартай мал, амьтан тэдгээрийн түүхий эдтэй харьцах үед ахуйн байдлаар халдвар авч боомын арьсны хэлбэрээр өвчилнө. Арьсны хэлбэрийн боомын халдварын зарим тохиолдолд булчирхайгаар дамжин үжил үүсэх тохиолдол бий. Энэ үед эмнэлзүйн өвөрмөц бус шинж тэмдэг болон амьсгал давхцан өвчтөн шоконд орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсч улмаар цэврүүтэж эмзэглэлшүй хар тав тогтож их хэмжээний хаван үүснэ.

Дам халдвар

Хос далавчтан шумуул, хөхтүрүү гэх мэтийн амьтан халдвартай амьтны цусыг сорж халдвар авч улмаар хүнд халдвар дамжуулах нөхцлийг бүрдүүлнэ.

Боом өвчний сэргийлэлт

  • Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид  арьсыг шалбалах, гэмтээхээс болгоомжлох
  • Үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх
  • Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг  сайтар боловсруулж хэрэглэх
  • Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал, амьтантай харьцах үедээ хамгаалах хувцас өмсөх
  • Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
  • Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн хяналттайгаар хийх
  • Мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандаж үхсэн шалтгааныг тогтоолгох

БООМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД

– Арьс салстаа гэмтээхээс болгоомжлох, гэмтээсэн тохиолдолд мал, амьтны түүхий эдтэй аль болох харьцахгүй байх;

– Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх – Хувийн ариун цэврийн дэглэм сайтар сахих;

– Мал эмнэлгийн хяналтын зөвшөөрөлтэй махыг худалдах, худалдан авах;

– Боомын эсрэг дархлаажуулалтад өөрийгөө болон мал, амьтнаа хамруулах;

Өвчний талаарх дэлгэрэнгүйг үзнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...