ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай өнөөдөр уулзлаа. Ярианыхаа эхэнд З.Мэндсайхан сайд коронавирус цар тахлын улмаас Замын-Үүд Эрээний боомт дээр мах махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний нарийн ногооны импортын тээвэрлэлт удааширч байгааг хэлээд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шуурхай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад малын гоц халдварт өвчин гараагүй тул баруун бүсээс үхэр, хонь, ямааны гүн хөлдөөсөн махны экспортыг сэргээх саналыг дахин уламжлав.
Мөн талууд ойрын хугацаанд Монгол Улсаас экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар түүхий эдийн хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохирох, холбогдох эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр хэлэлцэв.
Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ коронавирусын сүүлийн зарим тохиолдолууд гүн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс илэрч байгаатай холбоотойгоор Хятадын Гаалийн ерөнхий газар импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд 100 хувь ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа нэвтрүүлэх журам хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Уулзалтаар хэлэлцсэн ажлыг эрчимжүүлж, тулгараад байгаа зарим асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллаж, анхаарал хандуулахаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ.