Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цар тахлын улмас бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хөл хориод байгаа энэ үед сэтгэл, зүтгэл гарган ажиллаж, төмөр замын үйл ажиллагааг доголдуулалгүй явуулахад хувь нэмрээ оруулж буй ахмад төмөр замчдадаа талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр “Шинэ төрлийн коронавируст /КОВИД-19/ цар тахлын улмаас улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, төмөр замчид хөл хорио, тусгаарлалтад орсон энэ хүнд цаг үед бидний бахархал болсон ахмадууд маань бие, сэтгэлээрээ тусалж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нь гамшгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байна.
Төмөр замын тасралтгүй үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэвийн байдлыг хангахын төлөө чармайж, эх оронч санаачилга гарган өөрсдийн хүч бололцоог дайчлан гамшгийн аюулыг сөрөн тэмцэж ажиллаж байгаа ахмад төмөр замчиддаа гүн талархал илэрхийлье.
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бахархам гавьяатай ахмад төмөр замчид та бүхэн минь бие эрүүл, нас урт байж, бид бүхэндээ өмөг түшиг болж явахын сайхан ерөөл өргөе” гэсэн байна.