Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийг тойрсон асуудлаар тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Балдангийн Энхмандахтай ярилцлаа.
-Монголын үндэсний телевизийг тойрсон асуудал их байна аа. Асуудал анх юунаас эхлэв гэдгээс яриагаа эхэлье. Үндэсний олон нийтийн энэхүү том байгууллага дотор яг ямар асуудал байна вэ?
-Ер нь энэ бол өргөн хүрээтэй, олон талтай асуудал. Нэг хүнээс эсвэл хэсэг бүлэг хүнээс болж байгаа асуудал ч биш. Юуны түрүүнд МҮОНРТ-ийн асуудлыг нийгэмд олон талаас нь зөв тайлбарлаж хүргэх ёстой. Нэгдүгээрт, энэ бол тогтолцооны дутагдал, гажиг ил гарч ирж байгаа хэрэг. Манай улс 2005 онд “Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийг анх баталсан байдаг. Ингэж төр, засгийн мэдэлд байсан радио, телевиз дэлхийн нийтийн мэдээллийн байгууллагуудын хөгжлийн жишгийн дагуу үндэсний хэмжээний олон нийтийн мэдээллийн байгууллага болох үйл явц эхэлсэн. Өдгөө 15 жил болж байна. Тиймээс хөгжлийн эхэн үе буюу шилжилтийн үед тодорч гарч ирдэг тогтолцооны гажгийн нэг үзэгдэл гэж хэлж болно.
Үндэсний Олон нийтийн радио, телевизийн дотоод асуудлыг зарим нэг нөхдүүд нэгдэн нийгэмд ил болгосон. Гэвч хэнтэй тэмцэх, ямар асуудлыг хэнд хэрхэн тавих, хууль, журмын дагуу асуудлыг хэрхэн шийдэх ёстойг умартан, зарим нэг буруу ташаа, худал хуурмаг мэдээллийг олон нийтэд зарлаж, одоо нийгэмд нэгэнт үеэ өнгөрөөж буй бодлого, тэмцэлд хамт олныг уриалснаас болж нийгэмд буруу ойлголт өгч, “жоомоо алах гээд гэрээ шатаах” гэх явдал болж, олон нийтийн сэтгэлийг түгшээсэн байдал руу аваачихлаа л даа.
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл асуудалд эхнээс нь л хууль, дүрмийн хүрээнд хариуцлагатай, хүлээцтэй хандаж ирсэн.
–Дэлхийн бусад орнуудад олон нийтийн телевизийн хөгжлийн түүх эртнээс яригдана. Манайд 15 жил л болж байгаа юм байна. Тиймээс телевизийн хөгжил, шилжилтийн үйл явцад гарч ирж байгаа асуудал гэж ойлгох ёстой юу?
-Нэг талаасаа тэгж ойлгох хэрэгтэй. Сүүлийн таван жил энэ байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүн, даргаар ажилласан хүний хувьд хэлэхэд тогтолцооны алдаа дутагдал ил гарч ирж байгаа юм. Тогтолцоо гэдэг бол хууль. Тогтолцооны гажиг гэдэг бол тэрхүү хуульд алдаа, дутагдал байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн санхүүжилтийн тал хувь нь төрөөс хараат байгаа явдал нь одоо мөрдөгдөж байгаа “Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийн нэг том дутагдал юм. Үүнийг би ганцаараа олж харсандаа хэлж байгаа юм биш. Дэлхийн олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлагыг мэддэг мэргэжлийн хүмүүс үүнийг эртнээс мэдэж, дуугарч байсан.
–Тогтолцооны хувьд гажигтай гэж байна. Үүнийг сүүлд ярья. Хоёулаа эхний асуулт руугаа эргээд оръё. Яг асуудал юунаас эхлэв. Цалин хөлснөөс болсон гэж тэмцэгчид шаардлагаа тавьж эхэлсэн шүү дээ?
-Асуудал анх хөдөлмөрийн маргаанаас эхэлсэн нь үнэн. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард нийт ажиллагсдын урамшууллын 20 хувийг хассанаас болж ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос эсэргүүцэл илэрхийлж, 410 гаруй хүний гарын үсэг цуглуулснаар энэхүү асуудал эхэлсэн.
-Яагаад олгох ёстой 20 хувийг нь хасчихсан юм бэ. Хасах болсон шалтгаан нь юу байна?
-Хасах болсон шалтгаан бол тодорхой байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан. Энэ үеэр МҮОНРТ-д төрөөс үзүүлэх санхүүгийн 2020 оны дэмжлэгийн 70 орчим хувь буюу 5.8 тэрбум төгрөгийг хасчихсан. Ингэхээр телевиз нийт ажилчдынхаа 2020 оны 7-12 дугаар саруудын цалин, шагнал, урамшууллыг хэвийн хэмжээнд олгоход хүндрэлтэй болж ирсэн. Тиймээс телевизийн гүйцэтгэх удирдлагууд үүнтэй уялдуулан санхүүгийн зохицуулалтын арга хэмжээ авч, шийдвэр гарсан байдаг. Гэхдээ ажилчдынхаа үндсэн цалин, нэмэгдэл зэргээс огт хасаагүй. Өөрөөр хэлбэл хасагдсан 20 хувь гэдэг бол тухайн ажилтны сар бүр ажлын гүйцэтгэлийг нь үнэлж өгдөг нэмэлт урамшуулал юм. Төсөв хүндрэлтэй учир 9 дүгээр сард нэг сарын урамшууллыг нь хасах шийдвэр гарсан байдаг. Үүнээс болж л анх асуудал эхэлсэн шүү дээ.
-Сангийн яам энэхүү санхүүжилтийн ихэнх хувийг нь яагаад хасчихсан юм бэ?
-Энэхүү төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр МҮОНРТ нийт ажиллагсдынхаа цалинг тавьж, нийгмийн даатгал, шимтгэлүүдийг л төлдөг. Үүнийг жил бүрийн төсөв хэлэлцүүлэх үеэр хурдан шуурхай шийдэж өгөхийг Сангийн Яам, Засгийн газар, УИХ-ын холбогдох Байнгын Хороодод МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс байнга сануулж, гуйж байдаг. Гэтэл энэ жилийн төсвийн тодотголоор бидэнд урьдчилж мэдэгдэлгүй УИХ-ын нэг гишүүн, нэг сайдын саналаар шууд хасчихсан байсан. Үүнээс болж олон талын асуудал гарч ирж байгаагийн нэг нь энэ юм. Төсөв хасаж байгаа нь анх удаа болж байгаа явдал биш ээ. Өмнө нь 2015 онд яг адил байдал үүсч байсан. Тэр үед улсын төсвийн дэмжлэг 7 тэрбум төгрөг байсан. Үүний 50 хувийг нь сонгуулийн өмнө хасчихсан. Тухайн үед бас л бөөн шуугиан болж, хожим Ерөнхий захирал нь бас өөрийн хүсэлтээрээ ажлаа өгч байсан түүхтэй.
Энэ оных бол 9 тэрбум гаруй төгрөг байснаас 5,8 тэрбум төгрөгийг нь шууд хасчихаж байгаа юм. Чухам яагаад хэлэлгүй шууд хассан нь хоёр шалтгаантай байх. Нэгдүгээрт, хасч болохгүй гэдэг хуулийн заалт алга. Нөгөөтэйгүүр, МҮОНРТ улс төрчдийн хяналтад болоод төрөөс хамааралтай байгаа шүү гэдгийг сануулах, нөгөө л нэг хуучин тогтолцооны гажиг энд харагдаж байгаа юм. Үүнийг л бид өөрчлөх ёстой.
–Тэгэхээр яах аргагүй санхүүгийн тогтолцоо зөв байж гэмээн олон нийтийн гэх тэрхүү мөн чанараа хадгалах гээд байна, тийм үү. Ер нь дэлхийн жишиг ямар байдаг юм бэ. Олон нийтийн телевиз гэх байгууллага олон улсад хэрхэн хөгжиж, яаж санхүүжилтээ босгодог бол?
-Мэдээж шүү дээ. “Олон нийтийн радио, телевиз” гэдэг бол нэн түрүүнд юунаас ч хараат бус байх ёстой. Нөгөөтэйгүүр МҮОНРТ бол олон нийтэд мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэж, нийгмийн оюун санаа, үндэсний соёл, уламжлал, үзэл суртал, үндэсний цөөнх, нийгмийн бүхий л бүлэг, давхаргын нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус байгууллага байх үүрэгтэй. Үүнд нь төрийн зүгээс тодорхой хэмжээнд бодлогоор дэмждэг ийм л зохицуулалттай байдаг. Гэтэл төр, засгийн зарим сайд дарга нар өөрийн эрх ашигт нийцээгүй зүйл гарвал энэ мэт төсвөө хасчихаад айлгаад суулгаад байж болохгүй шүү дээ. Үүнээс бид салах хэрэгтэй. Тэгж байж олон нийтийн радио телевизийнхээ мөн чанараараа улам цааш эрчтэй хөгжинө. Бусад улс орнуудад олон нийтийн радио телевизийн сэтгүүүлчдийн хараат бус байдал нь эрх зүйн өндөр хамгаалалт, хуулийнзохицуулалтай байдаг. Тухайлбал, шведэд олон нийтийн радио телевизийн сэтгүүлч рүү улстөрч хүн утсаар залгавал үүнийг нь ёс зүйн дүрмээр хориглосон байдаг. Харин манайд улстөрч болгон өөрийн гэсэн сэтүүлчтэй байхыг хүсэж байгаа нь нууц биш. Улс төрчид олон нийтийн радио телевизийн хараат бус байдалд бүдүүлгээр халдсан бол олон нийтийн саналаар огцруулах нөхцлийг нь хуульчилж өгсөн байдаг. Манайд ийм хууль хэрэгтэй. Эрх зүйн ийм хамгаалалтын дор олон нийтийн радио телевез өөрийн жамаараа хөгждөг. Олон улсын жишиг ийм л байдаг.
-Төрөөс санхүүжилт авч л байгаа үед эрх баригч намын л үгээр явах нь тодорхой юм байна. Танаас шуудхан асуухад Сангийн сайдын ямар тахилгыг нь МҮОНРТ буруу өрчихсөн болоод төсвөө тануулчихсан юм бол?
-Ерөөсөө л өнгөрсөн сонгуультай холбоотой. Аль нам, хэн гэдэг улстөрчийг илүү их дэмжив, алийг нь дэмжсэнгүй вэ гэдэг маш маргаантай, маапаантай асуудлаас болоод л ийм зүйл хийдэг гэж хардаж байгаа. Ерөөсөө тэрийг их дэмжлээ, намайг дэмжсэнгүй гэдэг зарчмаар л төсвөө тануулчихаж байгаа юм. Энэ “тэмцээд” байгаа хүмүүс удирдлагуудтайгаа бус гажиг тогтолцоо, засах ёстой хуулийнхаа төлөө тэмцэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол энэ мэт хэн нэг Сангийн сайдын сонирхолд нийцээгүй эсвэл хэн нэг УИХ-ын гишүүний гаргасан саналаар цалингаа авах авахгүй дээ хүрээд байвал яаж “Олон нийтийн радио, телевиз” болох билээ. Энэ бол манай хууль, тогтоомж, төрийн бодлогын гажиг юунд байгааг тодоор харуулж буй үйл явц шүү.
-Үндсэн үүрэг нь бол ийм байна. Гол асуудал бол санхүүжилт. Олон улсын жишгийн хувьд энэхүү байгууллагын санхүүжилтийг хэрхэн зохицуулсан байдаг юм бэ?
-Мэдээж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын олон нийтийн радио телевиз нь төр, засаг, аливаа улс төрийн болон бизнесийн бүлэглэлээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хараат бус байна гэдэг бол тэднээс ямар нэгэн санхүүжилт босгодоггүйд байгаа юм. Тэд санхүүжилтээ голцуу бүх нийтээс авдаг телевиз ашиглалтын төлбөр (television license fee) буюу манайхаар бол өрх бүрээс авдаг хураамжаар босгодог. Бусад орнуудын олон нийтийн радио, телевизийн иргэдээсээ авдаг хураамж манайхыг бодвол хэд дахин өндөр л дөө. Тухайлбал Англид BBC-ийн санхүүжилт айл өрх бүрээс сарын 14 фунт буюу 20 орчим доллар, Японд NHK-д сар бүр 3000 иен буюу төгрөгөөр тооцвол 80 гаруй мянган төгрөгийг төлдөг байх жишээтэй. Гэтэл манайд сар бүр нэг өрхөөс 600-1100 төгрөгийн хураамж авдаг шүү дээ. Мэдээж эдийн засаг, хүн ам нийгмээсээ хамаараад энэ нь янз бүр л байдаг байх. Өсөн нэмэгдүүлж, бууруулж байдаг юм билээ. Миний ажиллаж, амьдарч байсан Шведийн Вант Улсад гэхэд 1954 онд байгуулагдсан олон нийтийн телевиз нь 1956 онд 25 крон, 1970 онд 100 крон, 2018 онд 2400 крон авч байсан. Харин 2019 оны 1-р сараас эхлээд телевизийн хураамжийг төрийн үйлчилгээний татвар (Public service tax)-т хамааруулан хувь хүний орлогоос 1300 крон авдаг болсон байна лээ. “Олон нийтийн” гэдэг статусаар явж л байгаа бол олон нийтээсээ санхүүжилтээ авдаг байх зарчим үйлчилдэг л байх хэрэгтэй юм. Манайд 2005 онд гарсан “Олон нийтийн радио телевизийн тухай” хуульд Засгийн газар энэхүү хураамжийг тогтооно гээд заачихсан. Тэр хуулиараа Засгийн газар тогтоол гаргадаг. Гэхдээ 90-ээд оны төгсгөлд Улсын радио телевизийн хороо байх үеийн 1 ам.доллартой тэнцүү байхаар тогтоосон хураамжаар одоог хүртэл явж байгаа. Хэн ч үүнд гар хүрч нэмэгдүүлж зүрхэлдэггүй.
-Гаднын орнуудад бол төрөөсөө санхүүгийн дэмжлэг авдаггүй харин иргэдээсээ хураамж, төлбөр маягаар санхүүжилтээ босгодог байх нь. Тэгвэл манайд энэхүү жишгийг оруулж ирэх боломж нь юу байна. Нэгт талдаа иргэдээс авч байгаа хураамжаа нэмнэ гэвэл олон нийт дургүйцэх нь ойлгомжтой шүү дээ. Өөр гарц бий юу?
-Манай олон нийтийн радио телевизийн санхүүжилтийн 45 орчим хувь нь улсын төсвийн дэмжлэг байдаг. Үүгээр бид МҮОНРТ-ийн нийт 860 гаруй ажиллагсдын цалинг л шийдэж байна. Хураамж, зар, сурталчилгааны болон бусад өөрсдийн орлогоороо бид уран бүтээл, шинэ контент, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг. Тэгэхээр улсын төсвийн дэмжлэг гэдэг их чухал санхүүжилт. Гэтэл манай төр, засаг энэхүү санхүүжилтийг дур нь хүрвэл бүтнээр нь өгдөг, хүрэхгүй бол хасаад хаячихдаг байж болохгүй л дээ. Ингэхээр л Олон нийтийн телевиз хараат байдалд орохоос өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс үүнийг засах хэрэгтэй. Олон улсын жишигт аваачих хэрэгтэй. Ингэхийн тулд хоёр л арга зам байгаа гэж харж байна. Нэгдүгээрт хураамжийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх ёстой болно.
–Одоо өгч байгаа хураамжийг хоёр эсвэл түүнээс дээш нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Тийм. Ер нь бол өнөөдөр 1 ам.долларын ханш хэд хүрээд байгаа билээ. 2850 орчим биз дээ. Гэхдээ шууд тэд эд гэж нэмэгдүүлнэ гэсэн үг биш л дээ. Олон зүйлээ харгалзан үзэж, ард иргэдийнхээ төлбөрийн чадварыг харгалзаж байж эдийн засгийнхаа нөхцөл бололцоог судалж байгаад бодит өсөлтөөр нэмэгдүүлэх шаардлагатай. Гадаадын жишиг ч тийм байна. Жишээлбэл, түрүүн ярьсан Шведэд радио, телевизийн хураамжийг төрийн үйлчилгээний татвар болгон хүн бүрээс жилд 1300 крон буюу 150 ам.долларын татвар авахдаа сард 13600 кроноос доош орлоготой, 18 хүрээгүй болон тогтмол орлогогүй иргэд татвараас чөлөөлөгддөг. Манайд иргэдээс авч буй хураамж МҮОНРТ-ийн төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг гэж бодвол хоёр дахин нэмэгдүүлбэл 60 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр МҮОНРТ төр, засгаас орж ирэх санхүүжилтийг хараад суух шаардлагагүй болчихно л доо.
Олон улсын өөр нэг жишиг байдаг юм билээ. Тэр нь Олон нийтийн радио телевизийн санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсвөөс олгоно гээд яг таг хуульчилчихдаг гэсэн үг. Тухайлбал, “Улсын нэгдсэн төсвийн 0,001 хувийг МҮОНРТ-т үзүүлэх улсын төсвийн дэмжлэгт олгоно” гээд хуульчилж болох юм. МҮОНРТ-ийн жилийн төсөв ийм л хэмжээнд байгаа шүү дээ. Уг нь улсын төсвийн дэргэд “жоохон” мөнгө. Улсын төсвийн дэмжлэгийн хэмжээг хуульчлаад тогтмол болгочихвол, үүнийг ямар ч Засгийн газар, Сайд, УИХ-ын гишүүн хэн ч хэзээ ч хасдаггүй болно. Ийм хуультай болох хэрэгтэй байгаа юм. Ингэвэл иргэдээс авах хураамжийг ч нэг мөсөн үгүй болгож болно. Энэ бол манайд хамгийн зохимжтой хувилбар санагддаг.
Иймэрхүү хууль, тогтолцооны өөрчлөлтийг эхэлж хийж байж Олон нийтийн телевиз үндсэн үүрэг чиг шугамаараа, олон улсын сонгодог жишгээр хөгжинө, үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдах нөхцөл бүрэлдэнэ гэсэн үг.
-Энэхүү хууль, тогтолцоо, санхүүгийн асуудлыг төр засагт санал гаргаж ажил хэрэг болгож явж үзсэн үү?
-МҮОНРТ-ийн үе үеийн удирдлагууд болон Үндэсний зөвлөлийн зүгээс санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар төр, засгийн удирдлагуудад саналаа танилцуулж, олон нийтийн радио телевизийнхээ хуулийг шинэчлээд санхүүжилтээ өөрчлөөд, хураамжаа нэмэгдүүлээд өгөөч гэдэг удаа дараа тавьж байсан байдаг. Өнөөг хүртэл шийдэж өгөөгүй л явж байна. Иргэдийнхээ халаас руу гар дүрсэн асуудлыг шийдэх сонирхол аль ч Засгийн газарт байхгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс л одоог хүртэл шийдээгүй л явж байгаа хэрэг.
-Санхүүгийн асуудал ийм байж. Гэтэл олон нийт МҮОНРТ улсаас болон иргэдээс татвар хураамж авдаг атлаа олигтой үзэх нэвтрүүлэг гаргадаггүй гэж шүүмжлээд байдаг л даа. Зарим нь энэ олон суваг нээж байхаар хаах ёстой гэсэн яриа ч нэлээд их гарлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-МҮОНРТ-ийг бусад телевизтэй харьцуулж дүгнээд байдаг. Хувийн телевиз тийм гоё нэвтрүүлэг гаргаж байхад Үндэсний телевиз юу ч гаргахгүй байна гэх мэтээр шүүмжлэл ирдэг л дээ. Энэ ч байх л хэрэг. Юуны түрүүнд, мэдээллийн технологийн аугаа тэсрэлтийн Зуунд манай Монголд “олон нийтийн телевиз” гэж ямар эрх үүрэгтэй байдаг, яагаад заавал байх учиртай болох, түүний цаад мөн чанар юу болохыг бүрэн таньж мэдээгүй л байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн телевиз ямар үүрэгтэйг иргэн бүр зөв ойлгох хэрэгтэй байна. Арилжааны телевизүүдээс олон нийтийн телевизийн ялгагдах гол онцлог нь ашгийн бус бөгөөд олон нийтийн эрх ашигт хүрсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдагт оршиж байгаа юм. Олон нийт гэдэг бол нэг юм уу хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлыг хэлэхгүй шүү дээ. Тэр дотор шашин шүтлэг, ёс заншил, яс үндэс, мэргэжил боловсрол өөр өөр хүмүүс оршин байдаг. Тэр бүх хүмүүсийн нийтлэг эрх ашигт нийцсэн зүйл л гаргах учиртай. Тиймээс гаргаж байгаа мэдээ, нэвтрүүлэг нэг хүнд эсвэл хэсэг бүлэг хүнд таалагдах албагүй ч бусад хүнд хэрэгтэй, шаардлагатай мэдээлэл байх ёстой. Тиймээс олон нийтийн телевиз гэдгийг манайхан сайн ойлгох нь чухал. МҮОНРТ олон нийтийг соён гэгээрүүлэх үүргээ хангалтай сайн хийж байгаа. Хийсээр ч байх болно.
-Олон сувгийн тухайд тодруулж ярихгүй юу. Яагаад ийм олон суваг байх ёстой юм бэ?
-Радио, телевизийн Хэрэг эрхлэх Газар гэдэг Засгийн газрын агентлаг 2005 онд олон нийтийн телевиз болох тэр үед энэхүү байгууллага 900 орчим ажилчинтай байсан. Гэхдээ өдөрт 17 цагийн нэвтрүүлэг явуулдаг телевизийн, радиогийн ганц ганц сувагтай л байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр “Олон нийтийн радио, телевиз” гэдэг байгууллага хөгжлийнхөө дараагийн үе рүү орох бүрэн боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл МҮОНРТ өнөөдөр телевизийн 5 сувагтай, радиогийн 3 сувагтай болж өргөжлөө. Телевизийн төрөлжсөн сувагтай болно гэдэг бол дэлхий даяарх олон нийтийн телевизийн хөгжлийн жишиг шүү дээ. Бид нэгдүгээр сувгаар нийгмийг соён гэгээрүүлэх бүх зүйлийг нэвтрүүлж байна. Хоёрдугаар суваг бол 100 хувь мэдээний суваг. Гуравдугаар суваг нь MNB WORLD буюу биднийг дэлхийд сурталчилж, таниулах гол үүрэгтэй суваг ажиллаж байна. Дөрөвдүгээр суваг бол спортынх. Тавдугаар суваг нь гэр бүлийн суваг туршилтын түвшиндээ байгаа. Суваг бүр өдөрт 12-17 цагийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг болсон. Ингээд төрөлжсөн сувгууд гарснаараа нөгөө “олон нийтийн” гэдэг хандлага хөгжил рүүгээ жинхэнэ утгаараа явж, дэлхийн жишигт нийцэх боломж бүрдчихсэн байгаа юм шүү дээ. Үүнийг тэрхүү тэмцэгчид болон буруу ойлголттой яваа зарим хүмүүс ташаа ойлгож, олон нийтийн телевизийн хөгжлөөс хойш чангаахаа болих хэрэгтэй. Нэг юм байна. Энэ олон суваг нээчихээд ямар хүн хүчээр ажиллаж байгаа вэ гэж. Бид телевизийн таван суваг, радиогийн гурван суваг нэмж нээхдээ шинээр ажлын байр бий болгож орон тоо нэмэгдүүлээгүй. Маш нүсэр бүтэцтэй, хэт олон орон тоотой гэж шүүмжлүүлдэг байсан 860 хүнийхээ нөөцөөр л энэ их ажлыг хийж байна. Манай хамт олон ажиллаж чадаж байгаа, чадвартай ч байгаа. Тиймээс цаашдаа олон нийтийн телевиз өргөжин тэлэхийн хэрээр, нэвтрүүлэг контентийн чанар, стандартыг улам сайжруулж, хөгжин дэвших болно гэдэгт би итгэл төгс байдаг.
–Тэмцэгчдийн шаардлагыг биелүүлж гэх үү эсвэл телевизийнхээ хэвийн үйл ажиллагаанд саад болохгүй гэж бодсон уу Үндэсний телевизийн Ерөнхий захирал үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Та Үндэсний зөвлөлийн даргын хувьд энэхүү гүйцэтгэх удирдлагуудын ажлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Л.Нинжжамц захирлын хувьд ажлаа сайн хийж байсан гээд шууд хэлчихье. Төгс хүн гэж байдаггүй, аливаа хүнд алдаа дутагдал байна. Зарим нэг ажилчдаа гомдоосон, хатуухан үг хэлсэн зүйл байсан л байх. Гэхдээ энэ хүний үед МҮОНРТ-ийн өнгө төрх, зохион байгуулалт, сахилга хариуцлагын асуудал эрс дээрдсэн шүү.
МҮОНРТ болсноос хойш өнөөг хүртэл дөрвөн хүн Ерөнхий захирал болсон байна. Эдгээр хүмүүс тухайн үедээ өөр өөрийнхөө арга барилаар ажил үүргээ гүйцэтгээд л ирсэн байдаг. Миний хувьд сүүлийн хоёр захиралтай хамтран ажиллалаа. Ц.Оюундарь, Л.Нинжжамц хоёр аль аль нь МҮОНРТ-ийн төлөө сэтгэлээ зориулж ажилласан хүмүүс.
Гэхдээ хүн болгон өөрийн гэсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл Ц.Оюундарь бол сайн уран бүтээлч, сайн продюсер хүн. Гэхдээ тэр менежерийн хувьд тааруухан байсан байх. Харин Л.Нинжжамц бол сайн менежер хүн ч гэлээ хүнтэй харилцах тал дээр бага зэргийн дутагдалтай байж болох. Энэ мэт хувь хүний онцлог арга барил өөр өөр шүү дээ. Л.Нинжжамцыг ажил авахаас өмнө МҮОНРТ ямар байсан билээ. Одоо ямар болсон байна. Жишээлбэл, 2016 онд ажиллагсдын дундаж цалин 627 мянган төгрөг байжээ. Ажилчдын цалинг 2017, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмсэн байна. Өнөөдөр дундаж цалингийн хэмжээ 1 сая 40 мянган төгрөг болжээ. Мөн 13 дахь сарын цалин 2017 оноос өгч эхэлсэн байна. Ажиллагсдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулсан, харуул хамгаалалтын цогц шийдэл гаргасан гэх мэт яривал их л дээ. Энийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Тэгэхээр энэ хүнийг огт юм хийгээгүй гэж хэлж болохгүй байлтай.
–Тэмцэгчдийн өөр нэг шаардлага бол МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруул гэж байгаа. Үүнийг Үндэсний зөвлөл хамгаалаад байна гэж тайлбарладаг. Та хэд яагаад хамгаалаад байгаа юм. Огцруулчихаж болдоггүй юм уу?
-Олон нийтийн радио, телевизийн хуулиар Үндэсний зөвлөл Захирлуудын зөвлөлийг огцруулах эрх байдаггүй. Бид Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцдэг, шийдвэрлэдэг. Харин Захирлуудын зөвлөлийг Ерөнхий захирал л огцруулах, томилох бүрэн эрхтэй. Тиймээс одоогийн Захирлуудын зөвлөлийг дараагийн Ерөнхий захирал ирж байж л өөрчлөх эрхтэй л дээ.
-Дараагийн Ерөнхий захирал хэзээ ирэх вэ?
-Энэ ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах гэж байна. Ер нь бол Үндэсний Зөвлөлд 2017 анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Ерөнхий захирлыг сонгож байсан туршлага бий. Сонгон шалгаруулалт энэ сарын 4-өөс эхэлчихсэн. 14 хоногийн хугацаатай зарласан тул энэ сарын 18-нд багтаан шалгаруулалтын материалыг хүлээн авна. Материалаа хүлээн аваад Үндэсний Зөвлөл шалгаруулалт явуулж, Ерөнхий захирлыг томилно. Одоо хэрхэн шалгаруулалтыг явуулах талаар УОК-оос зөвлөмж авч байж зохион байгуулах нөхцөл байдал үүсчихлээ.
МҮОНРТ-ийг сайн ажиллуулж, хөгжүүлж чадна гэж бодож зорьж, Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн Монгол Улсын иргэн хэнд ч энэхүү сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй байгаа. Бидний зүгээс мэдээж тодорхой хэмжээний шаардлага тавьсан. Тэр шаардлагыг хангасан хүнийг Үндэсний зөвлөл хуралдаанаараа авч хэлэлцэж, олонхийн санал авсан хүн захирал болдог ийм журамтай.
–Үндэсний зөвлөлийг мөн адил бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн шаардлагыг тавиад байгаа. Та хэд хугацаанаасаа өмнө огцрох ямар хуулийн ямар зохицуулалт байна вэ?
-Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй байдаг. Эдгээр 15 гишүүнийг хэрхэн томилох талаар маш тодорхой бичсэн хуультай. Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Улмаар ямар хүнийг хэн нэр дэвшүүлэх вэ гэдгийг тодорхой заачихсан байгаа. Төрийн бус байгууллага болон иргэний нийгмээс салбар бүрийн мэргэжлийн хүнийг энэхүү зөвлөлд нэрийг нь дэвшүүлдэг. Үүнийг УИХ хэлэлцээд баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 гишүүний долоог нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч, дөрвийг нь Засгийн газар оруулж ирнэ гээд заачихсан. Одоо ирэх сарын 25-нд Үндэсний зөвлөлийн долоон гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Б.Золбаяр, Б.Батбаяр, З.Энхболд, Д.Нямсамбуу, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн болон Б.Энхмандах миний бие багтаж байгаа юм аа. Үндэсний зөвлөлийн гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг тодорхой хэдэн заалт бий л дээ. Тэр нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял авсан, хүнд өвчний улмаас хүсэлтээ өгсөн, эсвэл төрийн болон улс төрийн албанд томилогдсон бол гэх зэргээр байдаг. Энэ хүмүүсийн шаардлагад байгаа “чадамжгүй”, “эрх ашгийн зөрчилтэй” гэх мэт хууль зүйн үндэслэл нь нотлогдохгүй шаардлагаар биднийг УИХ огцруулахгүй байх л даа. Монголчууд бид чинь ардчилсан, эрх зүйт нийгэмд ажиллаж, амьдарч байгаа улс. Бүх асуудал хуулиараа, журмаараа л шийдэгдээд явах учиртай биз дээ. Өөрсдөө хууль бус шаардлага тавиад байгаа болохоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар авч хэлэлцэж, нэг байгууллагын дотоод хэрэгт оролцоод байхад хүндрэлтэй л дээ.
–Удахгүй бүрэн эрх нь дуусах хүмүүсийг хугацаанаасаа өмнө ажлаа өг гээд шаардаад байгаа хүмүүсийн цаад зорилго нь юу юм бол. Энэ чинь хэдхэн хоногийн асуудал байна шүү дээ уг нь?
-Тэрийг би хэлж мэдэхгүй юм. Юу бодож ийм хууль бус шаардлага тавиад байгааг ойлгохгүй байна. Биднийг томилох чөлөөлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэдгийг дахин хэлье.
-Өөр нэг зүйл байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын асуудал. Яагаад та хэдийн цалин урамшуулал хэдэн саяар хэмжигдэх дүнтэй гарсан юм бэ. Та хэдийн цалин хөлс ямар байдаг юм?
-“Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийн 27.2-т “Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Үндэсний зөвлөл батална.” гээд заачихсан байдаг. Үндэсний зөвлөлийн гишүүн 15 хүний цалинг дунджаар бодон гаргаж, түүний 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгож ирсэн. Үндэсний зөвлөлд 2019 онд таван гишүүн шинээр орж ирсэн. Тиймээс урамшууллын асуудлыг дахин ярих шаардлага бий болсон байдаг. Өмнө бид сар бүр 560 мянга орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан. Ингээд хуулийн дагуу цалингийн дундаж нь 3,4 сая төгрөг, түүний 40 хувь нь 1 сая 400 мянган төгрөг болж байсан. Өөрөөр хэлбэл бидэнд олгогдох урамшуулал хуулийн дагуу үүнээс хэтрэхгүй байх ёстой л гэсэн үг. Бид хуралдаад өнөөдөр 1 сая 40 мянга байгаа нийт ажиллагсдынхаа дундаж цалингаас өндөр байж болохгүй гээд үүнийг хасаж, гартаа 960 мянган төгрөг авч байхаар болгосон.
–Үндэсний зөвлөлийн гишүүн тус бүрээр авсан цалин урамшууллыг нь гаргаж олон нийтэд цацсан байсан. Таных тухайлбал 50 гаруй сая төгрөг авсан гэдгийг харуулж байсан л даа?
-Яаж тооцоолж, хэнд яаж үзүүлбэл олон нийтийн дургүйг хэрхэн хүргэх вэ гэдгээ сайн мэддэг улс санагдсан шүү (Инээв). Үнэндээ бол огт ийм зүйл биш л дээ. Биднийг анх ирэхэд Үндэсний зөвлөлийн гишүүнд 400 мянган төгрөгийн урамшуулал л өгдөг байсан. 2017 онд нэг удаа нэмэгдүүлсэн. Тэр 52 сая төгрөгийг чинь 12 сард хуваагаад улмаар ажилласан зургаан жилд нь хуваавал 720 мянга орчим төгрөг гарах учиртай л даа. Тэгэхээр энэ мэт дэндүү туйлширсан гүтгэлгийн шинжтэй олон нийтэд зориуд худал мэдээлэл өгч төөрөгдүүлэх гэсэн хууль бус зохион байгуулалтай ажил л гэж харагдаж байгаа юм.
–Таныг МАК-ийн дэд ерөнхийлөгч хүн Үндэсний зөвлөлийн даргыг хийж болохгүй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байна л даа, энэ хүмүүс. Та ер нь яаж, ямар шалгуураар Үндэсний зөвлөлд орж ажилласан юм бэ?
-Үндэсний зөвлөлийн гишүүн орон тооны бус хүн байдаг гэж хэлсэн. Тийм учраас тухайн хүн хуульд нийцсэн ямар ч ажил үүрэг гүйцэтгэж болно шүү дээ. Миний хувьд Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжид ажилладаг нь үнэн. Би болон миний ажилладаг компани ямар нэг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагыг өмчилдөггүй, хувь эзэмшдэггүй. Энд тэгээд ямар эрх ашгийн зөрчил байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгохдоо салбар бүрийн мэргэжлийн хүнийг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагад УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид санал болгосны дагуу УИХ баталж томилдог хуультай. Би хуулийн дагуу л энд ирсэн. Тодруулбал, Гадаад харилцааны салбарын мэргэшсэн хүнийг УИХ-аас оруулж ирнэ гэсэн заалт бий. Энэ хуулийн заалтын хүрээнд “Монголын элчин сайд нарын клуб” төрийн бус байгууллагаас миний нэрийг УИХ-д санал оруулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар томилогдсон. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд томилогдож ирж ажилласан цагаас хойш өнөөг хүртэл энэ байгууллагыг олон нийтийн телевизийн дэлхийн хөгжил, жишигт ойртуулчих юмсан гэсэн сэтгэлтэй ажиллаж ирсэн, ажиллаж байгаа. Намайг анх томилогдон ирэхэд Үндэсний зөвлөлийн дарга нь Ланд-200 машин, өдөрт 70 км унах лимиттэй, гар утасны төлбөрийг нь байгууллага төлөх журамтай байсан. Би энэ бүхнийг боль гээд болиулж байсан. Надад хот дотор өдөр тутам туулах чадвар сайтай машины хэрэг байхгүй. Бас өөрийнхөө утасны төлбөрийг байгууллагаар төлүүлэх ямар ч шаардлагагүй. Тэр машинаа хөдөө томилолтоор их явдаг сэтгүүлчдэд гаргаж өг гэсэн шийдвэр гаргаж байсан. Манай Үндэсний зөвлөлийн 15 гишүүн дундаа ганц жижиг тэрэгтэй. Хаяа гадуур дотуур ажил гарвал тэрийгээ л дуудаж унадаг. Бидэнд болоод л байдаг. Гэтэл энэ сэтгэлийг минь үгүйсгэж, улаан цайм худал гүтгэлэг явуулж байгаа нөхдүүдийг хараат ний нуугүй хэлэхэд уваагүй занг нь өрөвдөөд сууж байна.
-Та хэдийг огцруулсан ч дараагийн хүмүүсдээ дахин ийм шаардлага тавиад сууж байхыг үгүйсгэхгүй юм биш үү?
-Магадгүй. 2007 онд С.Мягмарыг, 2015 онд М.Наранбаатарыг ийм хөдөлгөөн гарч огцруулж л байсан. Одоо бас л ийм л зүйл болж байна. Нийгэмд МҮОНРТ-ийн нэр хүндийг унагах, тэрнээсээ өөрсдөдөө ашиг олох гэсэн шууд хорон санаа тэмцэгчдэд байхгүй л байлтай.
Харин дотоодод үүссэн хөдөлмөрийн маргааныг ашиглан, үймээн самуун гаргаж, МҮОНРТ-ийн удирдлагад гарах гэсэн хувь хүн, хэн нэгний гар хөл болчихсон байх вий гэж би эдгээр хүмүүст сэрэмжлүүлмээр байна. Ийм л бэлтгэгдсэн, зохион байгуулалттай хэсэг хүн байсаар байгаа учир дараагийн захирал, Үндэсний зөвлөл ирсэн ч хэсэг хугацааны дараа дахиад л тэмцээд, шаардлагаа тавиад явахыг үгүйсгэхгүй. Ерөнхий захирал, Захирлуудын Зөвлөл, бүр Үндэсний Зөвлөлийг огцруулах гээд оройлоод байгаа зарим нэг хүмүүс МҮОНРТ-ийн төлөө юу хийсэн болоо? Тэд ямар шилдэг уран бүтээл хийсэн бэ. “МҮОНТ мөхлийн ирмэгт байна” гэж хашхирч буй эдгээр хүмүүсМҮОНРТ-д С.Мягмар, М.Наранбаатар, Ц.Оюундарь,Л.Нинжжамц нараас илүү юу хийж бүтээсэн хүмүүс вэ гэдгийг асуумаар санагддаг юм.
Хийж бүтээж чадахгүй ч хорлоод, саад болоод баймааргүй байгаа юм л даа. Бидний дотоодын зөрчил, эмх замбараагүй байдлыг ашиглаад МҮОНРТ-ийн талаар нийгэмд буруу ойлголтыг зарим хүмүүс бий болгож эхэлж байна. Саяхан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “шугамын радио, МҮОНРТ-д мөнгө төлдөг явдлыг зогсоох боломжтой” хэмээн мэдэгдэл хийчихлээ. Монгол Улс яагаад “ОНРТ-ийн тухай” хуультай болсон, тусгаар тогтносон улс оронд олон нийтийн радио, телевиз байх шаардлага, хэрэгцээ юу байдаг тухай анхан шатны ойлголтгүй энэ мэт хүмүүст “идэш зууш” болдогоо болих хэрэгтэй.
Зөрчил, тэмцэлдээнээс хэн хожих вэ, хэн хохирох вэ. Хэн ч хожихгүй харин мөрөөрөө ажил уран бүтээлээ хийж яваа жирийн сэтгүүлч, уран бүтээлчид, МҮОНРТ өөрөө л хохирно.
Эцэст нь, 2005 онд батлагдсан “Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийн ололттой, сайн талуудыг хадгалж, цаг үе, нийгмийн хөгжилд хөл нийлсэн зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ төрөөс санхүүжилт олгох арга, механизмыг тодорхой бөгөөд тогтвортой болгох замаар МҮОНРТ-ийн бие даасан, хараат бус, олон нийтийн шинж чанарыг улам бүр хангах хууль, эрх зүйн зохистой зохицуулалт хийх шаардлага улам бүр тулгамдсаар байна.
Э.МӨНХТҮВШИН
“Өдрийн сонин”-ы 2020 оны 11-р сарын 13-ны дугаарт нийтлэгдэв.