Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын башё Токио хотноо ес дэх өдрөө үргэлжлэх гэж байна. Найман өдрийн дараах байдлаар башёг озэки Такакейшо нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн баруун жигүүрийн хоёр дахь бөх Дайэшод унаснаар тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнээс хасагджээ. Одоогоор башёг тэргүүлэгч озэки Такакейшогийн араас долоон даваа нэг унаатай зүүн жигүүрийн комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгаширагийн зүүн жигүүрийн зургаа дахь бөх Такарафүжи, зүүн жигүүрийн 17 дахь бөх Шиманоүми нар нэхэж явна.
Энэ сарын башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар барилдах боломжгүй болж өнжсөн бол, баруун жигүүрийн озэки Асанояма гурав дахь өдөр, зүүн жигүүрийн озэки Шодай тав дахь өдөр бэртлийн улмаас башёг орхисон юм. Ийнхүү озэки Такакейшо ганцаар башёг манлайлж, өвдөг шороодолгүй хошуучилж яваа ажээ.
Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол сүмочдын хувьд энэ сард маэгаширагийн зүүн жигүүрийн нэгт бичигдсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн тааруухан барилдаж, нэг дава, долоон унаатай болжээ. Тэрбээр 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж зиндаа буулгүй үлдэхийн тулд дахиж унах эрхгүй болоод байна. Маэгаширагийн баруун жигүүрийн зургаад эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, гурван унаатай, маэгаширагийн зүүн жигүүрийн 17 дахь бөх Чиёошома Г.Мөнхсайхан дөрвөн даваа, дөрвөн унаатай, маэгаширагийн зүүн жигүүрийн 13-т эрэмбэлэгдсэн Хоошорюү С.Бямбасүрэн таван даваа, гурван унаатай, мөн маэгаширагийн баруун жигүүрийн 13-аас босож барилдаж буй Ичиножо А.Ичинноров хоёр даваа, зургаан унаатай болжээ. Мөн жюүрёо зиндаанд барилдаж буй Азүмарү С.Тодбилэг зургаан даваа, хоёр унаатайгаар зиндаагаа тэргүүлэгчдийн эгнээнд яваа ажээ.