Д.МӨНХ
Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулж, хувьцаа эзэмшигч иргэддээ анх удаа ногдол ашгаа тарааж, “Чалко” компаниас авсан 250 сая ам.долларыг өөрийн үйлдвэрлэлийн ашгаар даран барагдуулж, одоо улс орны хэмжээний мега төслүүдийг санхүүжүүлж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Уг ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн “Бага олимп-2020” спортын наадам байлаа.
Тус компани байгуулагдсан цагаасаа хойш ажилтан, ажиллагсдынхаа дунд урлаг, спорт, танин мэдэхүйн олон арга хэмжээг явуулж ирсэн байна. Түүний дотроос спортын уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирснээ өнгөрсөн оноос “Бага олимп” хэмээн нэрлэж, цар хүрээг нь өргөжүүлж байгаа аж. Энэ жилийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтан, ажиллагсдаас гадна тус компанийн туслан гүйцэтгэгч 10-аад аж ахуйн нэгжийн ажиллагсдын дунд спортын таван төрлийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж эхэлснээрээ онцлог болж байна.
Буянт-Ухаагийн спортын ордонд болж буй, “Бага олимп-2020”-ын нээлтэд олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч, Н.Түвшинбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Г.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нарын зочин төлөөлөгч оролцсон юм. “Бага олимп-2020” спортын наадмыг нээж, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг хэлсэн үгэндээ, компанийнхаа үүсэл, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар товчхон дурдаад энэ хугацааг “Бидний арван жил” гэж тодотгов. “Та бидний туулж өнгөрүүлсэн 10 жил багагүй хүндрэл бэрхшээлтэй байсан ч одоо Монгол Улсын ирээдүйг тодорхойлох бүхий л томоохон төслийг санхүүжүүлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, өөрт тулгарсан үүрэг зорилтоо биелүүлэгч, 2.5 сая иргэн, төр засагтаа ногдол ашгаа олгогч хариуцлагатай, нэр төртэй компани болж чадлаа. Үүнд та бидний нөр их хөдөлмөр, дэмжиж тусалсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэм тус ихээхэн үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэхэд таатай байна” гэж Б.Ганхуяг захирал хамт олондоо талархал дэвшүүлээд спортын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Түүний дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, ажилтан, ажиллагсдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжилд анхаарч байгаа компанийн удирдлагад талархал илэрхийлж, уурхайчин тамирчдад өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилсэн юм.
Уурхайчдын дундаас спортын мастер хоёр төрлөө
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордын нүүрсний уурхайд олборлолт, ашиглалт, тээврийн үйл ажиллагаагаа 10 жилийн өмнө эхэлж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанид өдгөө 930 шахам инженер техникийн ажилтан, ажилчид нэгэн цул хамт олныг бүрдүүлэн хөдөлмөрлөж байгаагийн 600 орчим нь компанийнхаа спортын бага наадамд оролцохоор хуран цугласан байлаа.
“Бага олимп -2020” наадмын бамбарыг хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин С.Болдбаатар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт гардуулан өгснийг тус хамт олны бахархал болсон тамирчид буухиалан авч явсаар сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер, Монголын лигийн тамирчин Ж.Алтангэрэлгомбо хүлээн авч наадмын галыг асаасан юм.
Энэ үеэр ахмад тамирчин, спортын мастер С.Болдбаатартай уулзаж, хэсэг зуур хөөрөлдөхөд, “Спортоор хичээллэсэн 50 гаруй жилийн хугацаанд анх удаа бамбар залж үзлээ. Сэтгэл их хөдөлж байна. Ахмад тамирчин бид залуу үеийнхэндээ спортын замналаа өвлүүлж, тэд маань амжилттай үргэлжлүүлж байгаад баяртай явдаг. Өнөөдөр би энэ компанийнхаа Нүүрс ачилт, ложистикийн хэлтсийн ачилт хариуцсан ахлах мэргэжилтнээр залуустайгаа мөр зэрэгцэн ажиллахын зэрэгцээ багийнхаа ахлагчаар тус наадамд оролцож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Бага олимп-2020” спортын наадмын нээлтийн үеэр зарим тамирчинд спортын зэрэг олгосныг гардуулж, шагнаж урамшууллаа. Үүний дотор тус компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтан Б.Ононд софт теннисний спортын мастер, Онцгой байдлын албаны ажилтан Б.Алтансүхэд гар бөмбөгийн спортын мастер цол олгосныг гардуулсан. Мөн МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” медалиар Аюулгүй ажиллагааны хэлтсийн сургагч, уулын спортын мастер Б.Батсүхийг шагнаж урамшууллаа.
“Бага олимп-2020”-д оролцогчдыг төлөөлөн сагсанбөмбөгийн тамирчин Г.Энхцэцэг, А.Бямбадорж, олон улсын хэмжээний шүүгч Б.Ганзориг нар тангараг өргөж, үнэнч шударга, ёс зүйтэй өрсөлдөхөө илэрхийлэв.
Уг наадмын нээлтийн үеэр бас нэгэн баярт үйл явдал тохиосон нь “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн сүлд дуутай болсон байна. “Эрдэнэсийн гэрэл-эх орон” нэртэй энэхүү дууны үг аяыг “Харанга” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат зохиосныг Гавьяат жүжигчин, дуучин Х.Лхагвасүрэн анх удаа дуулж эгшиглүүллээ. Байгууллага, компанийн сүлд дуу гэхээр заавал нэр хаягаа оруулдаг хуучирсан сэтгэлгээнээс татгалзаж, уул уурхайн салбарынхан, уурхайчид ч дуулж болохуйц ая хэмнэл нь цог хийморьтой, айзам түрлэг түргэнтэй боломжийн бүтээл болсон санагдсан.
Энэ жилээс шилжин явах цом гардуулахаар болжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хан-Уул дүүрэгт байрлах Цагаан гэгээн ордонд компанийн аварга шалгаруулах дартсын тэмцээн явагдаж, шилдгүүдээ шалгаруулжээ. Уг тэмцээнийг баг, ганцаарчилсан төрлөөр зохиож явуулсны дотроос Б.Эрдэнэбаяр ахлагчтай Эдийн засаг, санхүүгийн удирдлага, хууль зүйн газрын нэгдүгээр баг, Г.Мөнхбат ахлагчтай Ерөнхий удирдлагын газрын нэгдүгээр баг, Стратегийн хайгуулын газрын О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай хоёрдугаар баг эхний гурван байрт шалгарсан байна. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Солонго, Г.Ариунжаргал, Д.Отгонсайхан нар тэргүүлсэн бол эрэгтэйчүүдээс Д.Гантулга, Б.Эрдэнэбаяр, Ч.Энхбаяр нар тодорчээ. Уг тэмцээнийг Монголын дартс сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулж, мэргэжлийн шүүгч нарыг ажиллуулсан байна. Ер нь том компанийн хүчирхэг хамт олны спортын уралдаан тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж, шагнал урамшуулал, үр өгөөж нь ч их байдаг болохоор удирдлагын зүгээс багагүй ач холбогдол өгдөг бололтой юм. Үүний бодит илэрхийлэл нь энэ оноос эхлэн гардуулах аварга багийн цом юм. 80-аад сантиметр орчим өндөртэй уг цомын оройд арвин их баялгийг агуулсан Тавантолгой, хурд хүчний бэлгэдэл ирвэсийг дүрсэлсэн байх бөгөөд доод сууринд арван жилийн он дараалал, борлуулалтын орлого нэг тэрбум ам.долларт хүрснийг харуулсан тоо баримтыг шигтгэсэн байна. Уг цом нь тухайн оны тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт очиж, жил бүр шилжин явах аж.
“Бага олимп-2020” спортын наадам сагс, гар бөмбөг, шатар, дартс, олс таталт зэрэг таван төрлөөр явагдах бөгөөд бямба гарагт гар бөмбөг, шатрын тэмцээн болсон. Шатрын тэмцээн швейцар системээр явагдаж, баг, хамт олноо төлөөлсөн 34 тамирчин оюун ухаанаа сорилоо. Гар бөмбөгийн тэмцээнд тус компанийн газар, хэлтсийн 21 багийн зарим нь нэг, хоёрдугаар баг бүрдүүлж оролцохоор хүрэлцэн иржээ. Энэ долоо хоногийн эхний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн туслан гүйцэтгэгч 10-аад аж ахуйн нэгжийн ажилтан ажиллагсдын дунд явуулах таван төрлийн тэмцээнээр “Бага олимп-2020” үргэлжилж, шилдгээр шалгарсан багт мөн шилжин явах цом гардуулах юм.