Д.МӨНХЖАРГАЛ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн өглөө бидний хэдэн сэтгүүлч, зураглаач нөхөд “Union bulding”-ийн гадаа цугларч, “Тавантолгой төмөр зам” компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга С.Батцэцэг, Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн ажилтан Б.Мэнд-Амар нараар удирдуулан алсын замд гарлаа. Хоёр цаг гаруй нийслэлийн авто замын түгжрэлд яст мэлхийн хурдаар урагшилсаар Яармагийн шинэ гүүрээр гарснаас цааш зурхайгаас эргэсэн хурдны морьдоос цойлон гарах ажнай адил засмал замаар хурдлан өмнийн говийг зорив. Бид зам зуураа яарамгүй давхисаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ойролцоо засмалаас салж, шороон замаар 70 орчим км явсны эцэст талын дунд байрлах “Тавантолгой төмөр зам” компанийн орон нутгийн төв кемп, оффист шөнө хугаслан очлоо. Тэндхийн ажиллагсдын амралтын байр, оффис нь тун тохилог, тав тухтайн дээр халуун хүйтэн ус, өндөр хурдны интернэт, ажиллаж амьдрах орчныг сайхан бүрдүүлжээ.
Өглөө нь эртлэн босож, говийн наран зах хязгааргүй мэт үргэлжлэх толгодын дээгүүр мэлтэсхийн мандаж, хөндий талыг гийгүүлэхийг харах нь хотын дотор хажуу ойролцоох байшин барилгын цонхноо гэрэл гэгээ тусахыг үзэхээс шал өөр мэдрэмжийг төрүүлж байлаа. Биднийг “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон удирдлагын багийнхан хүлээн авч төмөр замын бүтээн байгуулалтын үүх түүх, өнөөдрийн бодит байдал, ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-аар баталсны дотор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулахаар заасан байна.
Энэ дагуу уг төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах онцгой эрхийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид өгсөн байдаг. Улмаар 2013 оны гуравдугаар сард үйлчилгээ, техник болон санхүүгийн зөвлөх, гадаадын компаниудтай гэрээ байгуулж, “Чингис” бондын хөрөнгөөс 200 сая ам.долларыг эхний удаад Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ. Тухайн оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч “Samsung&T”, “SCTECM” компаниудтай байгуулсан зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ дуусгавар болж, санхүүжилт зогссоны дээр улс төр, бизнесийн бүлэглэлийн харилцан үл ойлголцлын улмаас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил гацаанд орсон байна. Гэвч энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулан зориглож орсон эрхэм бол Н.Удаанжаргал байлаа. “Миний хувьд энэ төслийн алдагдсан боломж, Монгол Улсад оруулах байсан өгөөжийг илүү бодитоор харсан юм болов уу. Үүнийг ойлгочихоор хүн тайван сууж чаддаггүй юм билээ” гэж тэрбээр нэг ярилцлагадаа онцлон дурдсан нь тус төслийг хэрэгжүүлэх хүсэл мөрөөдөл, эрч хүчний илэрхийлэл гэлтэй.
ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТӨСӨВ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙГЭЭР АНХ УДАА ШИЙДВЭРЛЭВ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг босгохоор Монголын арилжааны томоохон банкуудад санал тавьсан боловч амжилтад хүрсэнгүй. Цорын ганц албан ёсны сонирхлыг “Бодь интернэйшнл” компани илэрхийлж, нүүрсийг урьдчилан борлуулах хэлбэрээр төслийн бүх санхүүжилтийг гаргахаар болжээ. Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор “Тавантолгой төмөр зам” компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлжээ. Ийнхүү асуудлыг гацаанаас гаргаснаар энэ оны гуравдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн байна. “Тавантолгой төмөр зам” компани энэхүү бүтээн байгуулалтын явцад олон зүйлийн анхдагч болсны эхнийх нь ийм том ажлыг улсын төсвөөс нэг ч төгрөг, гадаадын хөрөнгө оруулалтаар ганц ч доллар авалгүйгээр санхүүжилтийг шийдсэн явдал байлаа.
“Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнийн танилцуулснаар өнөөдөр төмөр замын доод бүтцийн газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, өмнө барьсан овоолсон шороо биш далангийн эвдрэл гэмтэл, засвар, нэмэлт дөрвөлжин хоолой тавих, мал амьтны гарц байгуулах, дугуй хоолойг байрлуулах ажил 99.5-94.9 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Түүний тодотгож хэлснээр, төслийн өмнөх гүйцэтгэгчид 208 км газар шорооны ажлыг хийсэн боловч таван жил орчим гацсан хугацаанд төмөр замын даланд ихээхэн гэмтэл эвдрэл гарсан байжээ. “Тавантолгой төмөр зам” компани үүнээс цааш барих замд ТЭЗҮ-ийн тодотгол хийлгэхдээ 31 км замыг хил хүртэл тавихаас гадна ачих хэсэгт найман км төмөр замыг барьж байгуулахаар тусгажээ. Ингэснээр 240 км төмөр зам баригдаж дуусах бөгөөд замын турш хоёр томоохон өртөө, зургаан зөрлөгтэй байхаар төлөвлөөд барилгын зарим ажлыг хийж эхэлсэн байна. Төмөр замын доод бүтцийн ажилд шороон далан, үүнтэй холбоотой дөрвөлжин болон дугуй хоолой, мал амьтны гарц гаргах ажил багтдаг аж. Эдгээр ажил 98.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол дээд бүтцийнх 63.6 хувь буюу гол замын үеийн 130 км-ийг угсраад байна.
МОНГОЛД АНХ УДАА УУЛЗВАРГҮЙ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙНА
Төмөр зам тавина гэдэг маш нарийн технологи, үе шаттай хийдэг ажил юм байна. Бас төмөр зам барих зайлшгүй шаардлага ч амьдралаас урган гарсан хэрэг. Үүнийг ойлгохын тулд ганцхан жишээг хэлье. Манай улс энэ онд нүүрсний экспортыг 40 сая тоннд хүргэх томоохон зорилттой байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хил, гаалийн хорио цээрийн дэглэм тогтоосноор тээвэрлэлт эрс буурсан. Энэ оны эхний долоон сарын байдлаар 8.5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин буурсан үзүүлэлт болжээ. Улмаар нүүрсний тээврийг зөвхөн автомашинаар гүйцэтгэж байгаагаас асар их боломжийг алдаж, өдөрт 63 сая ам.долларыг “тавиад туучихаж байна” гэж мэргэжлийн хүмүүс халаглаж сууна. Иймээс л энэ төмөр зам зайлшгүй шаардлагатай байгаа юм. Бид төмөр замын ажлын явцтай танилцахаар явлаа.
Намрын адаг сарын шаргал наран төөнөж, эцэс төгсгөл нь үл харагдах тэнгэрийн хаяа, говийн уудам цэлгэр тал руу хараа бэлчээж, сунайсан урт хос төмөр замыг дагаж давхисаар ПК 83 цэгт ирлээ. Энд төмөр замын гүүрийн дам нурууны угсралтын ажил явагдаж байв. Төслийн хүрээнд нийт 15 гүүр барихаас хамгийн урт нь 430 метр байх бөгөөд энэ нь Монголдоо хамгийн анхны урт төмөр замын гүүр болох юм. Түүнд ашиглах нэг бүр нь 18.7 метр урттай бетонон дам нурууг цутгах, угсрах ажлыг 28-хан настай залуу удирдаж, монгол инженерүүд гүйцэтгэж байгааг харахад бахтай сайхан байлаа.
Үүний дараа сэтгүүлчдийн баг зам төмрийн угсралтын ажил хийж байгаа ПК-96 цэгт очсон юм. Төмөр замын ажлын процессыг товчхон танилцуулбал, эхлээд шороон далан дээр балласт буюу буталмал чулуун дэвсгэрийг зулдаг юм байна. Түүнийг нягтруулсны дараа бетонон дэрийг дэвсжээ. Нэг км-т тус бүрдээ 430 кг жинтэй 2000 бетонон дэрийг хагас метрийн зайтай байрлуулах бөгөөд дээр нь зам төмрийг бэхлэх бэхэлгээг байрлуулдаг. “Өдөрт 2-2.5 км бетон дэрийг дэвсэж байна. Бид төмөр замыг гараар барихдаа өргөгч экскаватор ашиглаж байгаа нь нэг талаар хөдөлмөрийг хөнгөвчилж, бас бүтээмжийг нэмэгдүүлж байна” гэж төслийн туслан гүйцэтгэгч “Инкон” компанийн, ерөнхий инженер П.Мөнхсайхан танилцуулсан. Энэ ажлыг үндэсний 300 гаруй төмөр замчин дөрвөн баг болон гүйцэтгэж байгаа гэлээ.
Бетон дэр дээр зам төмрийг байрлуулж бөхлөх нь бас нарийн ажил байдаг аж. Төслийн туслан гүйцэтгэгч “Инкон” компанийн зам төмөр угсралтын ахлах инженер Б.Батмөнхийн танилцуулснаар өдөрт 625-700 метр зам төмрийг угсарч, бэлэн болгодог байна. Угсралтын ажилд 40 гаруй мэргэжлийн ажилчин, инженер техникийн ажилтан гар бие оролцож байгаа гэлээ. Тэд өөрсдийн хүч ухаанаар бүтээсэн дөрвөн хөл, найман дугуйтай, гүүрэн кран шиг төхөөрөмж ашиглаж байсан юм. Ийнхүү зам төмрийг байрлуулсны дараа балластын хоёрдугаар буюу дээд үеийн хучилтыг хийнэ. Улмаар тусгай зориулалтын хоппер вагоноор буталмал чулууг зам төмрийн хоёр тал болон голоор бетон дэрийг дүүртэл асгаж, улмаар өргөж чигжсэнээр төмөр замын дээд бүтцийн ажил бүрэн цогц болдог аж. Энд нэг зүйлийг зориуд тодотгоход, мөн л Монголд анх удаа монгол инженерүүд гаднын зөвлөхгүйгээр нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг барихдаа уулзваргүй болгон гагнаж байна. Энгийнээр тайлбарлавал, уг төмөр замаар зорчиход УБТЗ-ынх шиг түг таг гэх чимээ анир гарахгүй гэж ойлгож болно. Бид төмөр замын тохируулга хийх вагонд сууж нэг хэсэг хугацаанд аялахад үнэхээр дуу чимээ багатай, хөвж явах мэт санагдаж байлаа. Тун удалгүй түг таг хийж, тачигнаж эхэлсэн нь цахилгаан контактын аргаар гагнаагүй зам руу орсон хэрэг байв. Одоогоор барьсан нийт төмөр замынхаа 40 орчим км-ийг ийнхүү уулзваргүй болгоод байгаа юм.
Төслийн ажилд тусгай зориулалтын зүтгүүр нэг, хоппер вагон (буталсан чулуун чигжээсийг ачиж тээвэрлэн, зам төмрийн хоёр тал болон голоор нь асгаж бэлтгэдэг) 20 ширхэг, зам засварын зориулалт бүхий долоон төрлийн машин механизмыг ашиглаж байна. Эдгээр нь 2013 онд үйлдвэрлэгдсэнээс хойш Монголд анх удаа ашигласан гэдгээрээ онцлог юм.
“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гэж 50 эргэм насны, дунд зэргийн нуруутай, нүдний шилний цаанаас нухацтай харсан эрхэм байна. Бидний аяллын турш сэтгүүлчидтэй хамт байж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, холбогдох хүмүүстэй уулзуулж, бас хэн нэгэнд урмын үгийг харамгүй хайрлах юм. Хэдийгээр биднээс тусдаа, өөрийн машинаар явсан ч дотоод холбоогоор холбогдож, өөрийн болон компанийнхаа ажлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, хуримтлуулсан мэдлэг мэдээллээсээ хуваалцаж байлаа.
“COVID-19”-ийн нөлөөгөөр гадаадаас мэргэжилтэн ирүүлэх боломжгүй болсон нь бидэнд дотоод нөөц бололцоогоо ашиглах, боловсон хүчнээ сургаж бэлтгэх суурь нөхцөл болсон. Манай залуучууд төмөр замынхаа гүүрийг өөрсдөө цутгаж, барьж сурлаа. Монголд байгаа төмөр замын барилга байгууламжийн бүх төрлийн техник, тоног төхөөрөмжийг энд ажиллуулж, мэргэжлийн хүмүүс өөрийн сурсан мэдсэн бүхнээ гаргах, ажлын байраар хангагдах боломжийг нээж өгсөн. Энэ бол ямар ч хөрөнгө оруулалтаас дутахгүй чухал байлаа. Бас төр хамгийн муу менежер гэдэг ч сайн менежмент хийж чадна гэдгийг баталсан төсөл боллоо” гэж Н.Удаанжаргал захирал цөөнгүй удаа онцолж байсан юм. Одоогоор уг төсөлд инженер техникийн 300 гаруй ажилтан, 1500 орчим ажилчин, 500-гаас илүү машин, механизм ажиллаж байна.
ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХОЁР ДАХИН ТЭЛНЭ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байхаас гадна дөрвөлжин болон дугуй 126 бетон хоолой, мал амьтны найман гарцтай байх юм. Уг гарцаар 50-100 мянган мал, амьтан гарч, төмөр замын хоёр талд бэлчээрлэх боломжтой байхаар тооцсон байна. Малын гарц байгуулахдаа нутгийн малчин иргэдийн саналыг харгалзаж үзсэн гэдгийг ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ онцолж байсан юм.
Бас нэг онцлог нь, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нүүрсний талбайгаас ачилт хийхдээ хөдөлгөөнгүй терминал бус ачилтын тойрог байгуулахаар төлөвлөжээ. 80-100 вагонтой галт тэрэг ачилтын тойргоор үл зогсох горимоор зорчиж, хоёр цаг гаруйн дотор ачилтаа хийж дуусгах бөгөөд олборлогч компанийн хүсэлтээр замыг зөөх боломжтойгоороо давуу талтай байх аж. Одоогоор ачилтын тойргийн газар шорооны ажил 30 орчим хувьтай явж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар 240 км үргэлжилж тавигдах уг төмөр замыг “Тавантолгой төмөр зам”-ынхан 2022 оны долоодугаар сард ашиглалтад оруулах томоохон зорилттой ажиллаж байна.
Гэхдээ төмөр замын бүтээн байгуулалт нь овоолсон шороон дээр бетон дэр тавиад, зам төмөртэй холбох төдийгөөр төсөөлдөгтэй харьцуулахын аргагүй их, нүсэр ажил болохыг нүдээр харсан хүн л мэдрэхээр юм. Үүнээс гадна дохиолол хамгаалал, автомат удирдлага, шороон далан болон төмөр замыг бороо ус, үер цаснаас хамгаалж суваг шуудуу татах, бэхэлгээ хийх, эвдрэл гэмтлийг засаж сайжруулах, байгаль орчинд ээлтэй байлгах, мал амьтныг хамгаалах гээд маш олон төрлийн ажлыг хийж байж энэ бүтээн байгуулалт төгс төгөлдөр болж, улс орны эдийн засагт өгөөжөө өгөх билээ. Тийм ч учраас энэ томоохон (мега) төсөлд Төрийн гурван өндөрлөг маш их ач холбогдол өгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн удаа дараа ирж, бүтээн байгуулалтын явцтай танилцжээ. Биднийг өмнийн говьд ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр замын ажилтай танилцаад буцсан юм. Одоогоор үндэсний хэмжээний Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд дотоодын 30 орчим компани, Зэвсэгт хүчний дайчид хамтран оролцож байгаа бөгөөд нийт дөрвөн тэрбум гаруй ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн хөрөнгө, үйлдвэрлэлийн орлогоор санхүүжүүлж байна. Эдгээр төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын эдийн засаг 2.3 тэрбум ам.доллараар тэлэх боломжтойг Н.Удаанжаргал захирал хэдэнтээ онцлон дурдаж байсан юм. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсан эхний өдрөөс үр өгөөжөө өгөх бөгөөд жилдээ 20.6 сая ам.долларыг татвар хураамжаар улсын төсөвт төвлөрүүлж, нүүрсний экспортын тээвэрлэлтээс 270 сая ам.долларын орлого олж, 146.6 сая “ногоон”-ы ашигтай ажиллах тооцоо гаргажээ. Хамгийн гол нь, 2000-аас дээш хүн байнгын ажлын байртай болох юм. Мөн ашигт малтмалын тээвэрлэлтийн зардал 2.5 дахин буурна. Одоогоор тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Цаашилбал, Тавантолгойн бүлэг орд дахь уурхайнуудын олборлолт хоёр дахин нэмэгдэж, жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг экспортлох боломжтой болсноор 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ашгийг Засгийн газарт оруулах тооцоог Өмнөд Солонгосын шинжээчид хийсэн байна.
Гашуунсухайтын боомтоор экспортын тээвэр хийдэг хүнд даацын машины тоо эрс буурснаар малын бэлчээр сүйдэх, хөрсний доройтол, орчны тоосжилт, дуу чимээ, агаарын бохирдлыг эрс багасгаж, байгальд эерэг нөлөө үзүүлэх болно. Мөн БНХАУ-ын далайн боомт хот Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу болон гуравдагч орон руу нүүрс тээвэрлэх боломж нээгдэж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнэ, өртгөөр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэх юм. Энэ бүхнийг хийж гүйцэтгэх, төмөр зам ашиглалтад орсны дараа ажиллах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд “Тавантолгой төмөр зам” компани УБТЗ-ын харьяа Тээврийн дээд сургууль, ШУТИС болон бусад МСҮТ-тэй хамтран ажиллаж байгааг алсын хараа гэхээс өөр юу гэх билээ. Монгол залуус өмнийн их говьд шинэ үеийн түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Тэд чадна.