Г.СОНИНБАЯР
УДИРДАЖ ЧАДВАЛ ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА
Хүн гэмээ мэддэггүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй гэж үг бий. Бас монголчууд хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэж ярилцдаг. Энэ хоёр хэлц үгийн утга нь хүн өөрийгөө хэн бэ, хэн байсан хийгээд хэн байх ёстой вэ гэдгийг дүгнэж цэгнэж, энэ талаар бусдын үг, сургаалыг сонсдог байх ёстой гэсэн санаа. Үүнийг зөвхөн хувь хүнд төдийгүй албан байгууллага, хамт олон тэр байтугай аймаг, нийслэл, улс орны хувьд ч хамаатуулан ойлгож болох юм. Аймаг, сум, хот, дүүргийн ард иргэдийн ахуй амьдрал, орчин нөхцөлийн ялгаа, зөрүү ба адил төстэй тал, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбарын хөгжлийн түвшингээрээ хөрш зэргэлдээ улс орнууд хийгээд дэлхий нийтийн хаахна яваа зэргийг халууны шил, даралтын аппарат шиг яг таг тогтмол хэмжиж байх нь чухал. Тэгж гэмээнэ алдаа, оноогоо цэгнэж, цаашид юу хийх вэ гэдгээ тодорхойлон, төр, засгийн бодлого шийдвэрт түүнийгээ тусгана. Тусгаж төлөвлөснөө хэрэгжүүлж чадвал хөгжил дэвшил гарах нь мэдээж.
Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд өрсөлдөх чадвар гэж томьёолж, тодорхой аргачлал, зарчмын дагуу өргөн хүрээнд судалгаа хийх болоод даруй 30 гаруй жил болжээ. Аливаа улс үндэстний амжилтыг тайлбарлаж болох бүхий л хүчин зүйлсийг өрсөлдөх чадвар гэдэг ухагдахуунд хамаатуулан судалдаг юм байна. Ингэж өргөн хүрээнд, олон талаас нь судлахгүйгээр улс орны хөгжлийн тухай ярих, бодох, төсөөлөх аргагүй.
Тэрбээр хөгжил, дэвшил гэдэг дэлхий нийтэд жишиг болсон шалгуур үзүүлэлтээр улс орныхоо өнөөгийн байдал, чиг хандлагыг хэмжихээс эхэлнэ гэдгийг олж харж, эдүгээгээс 10 жилийн өмнө Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг хэсэг нөхдийн хамт санаачлан байгуулсан ажээ. Эдүгээ тус төв өрсөлдөх чадварын судалгааг өргөн хүрээнд хийж, энэ чиглэлийн судалгааны аргачлал, зарчим, хэмжүүрийг Монголдоо бүрэн нутагшуулаад байгаа аж. Тиймээс жил бүр гаргадаг Монгол Улсын болон аймаг, дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг нь олон нийт өргөн ашиглаж, бодлого, шийдвэр гаргагчид ширээний лавлах, гарын авлагаа болгож эхэлжээ.
Энэ жил болж өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө л гэхэд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн боловсруулсан судалгааны тайлангуудыг улс төрийн нам, эвсэл, хувь хүмүүс сонирхож, сураглах явдал олон гарсан гэнэ. Мөн манай улсад суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд нар, олон улсын болон судалгааны байгууллагууд, аймаг, дүүргийн Засаг дарга нар энэхүү өрсөлдөх чадварын судалгааны тайланг идэвхтэй ашигладаг болжээ.
Үүнийг хүн, амьтнаар жиших юм бол Монгол Улс гэдэг нэгэн нягт цул бодгаль бүх төрлийн оношилгоо, шинжилгээнд жил бүр тогтмол хамрагдаж, биеийн эрүүл мэндээ бүрэн хянаж, эмчилгээний заавар, зөвлөмжөө авдаг болсон гэсэн үг. Гагцхүү эмчийн жор шиг товч, тодорхой энэ заавар, зөвлөмжийг бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид шат шатны үйл ажиллагаандаа тусган мөрдлөг болгох л үлджээ.
МОНГОЛ УЛСАА ДЭЛХИЙТЭЙ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Швейцарын Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улсаа дэлхийн сайн жишигтэй харьцуулах замаар өрсөлдөх давуу талаа онцлох, сул талуудаа олж харах, улмаар зорилго, зорилтуудаа тодорхойлохыг зорьжээ. Тиймээс өрсөлдөх чадварын иж бүрэн тайланг 2010 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу боловсруулж, олон нийтийн хүртээл болгож буй юм. Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг 1989 оноос хойш жил бүр тогтмол гаргаж иржээ. Олон улсад нэр хүндтэй, улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээлд Монгол Улс 2015 оноос нэгдсэн байна. Энэ нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхний хүчин чармайлтын үр дүн юм. Тус төвийнхөн Монгол Улсын статистик мэдээллүүд болон санал асуулгыг жил бүр бэлтгэн илгээдэг аж. Ийнхүү Монгол Улсынхаа өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, давуу болон сул тал, хөгжлийн төлөв, төсөөллийг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хамрагддаг 63 улстай харьцуулан харах боломж нээгдээд таван жилийн нүүр үзэж байна. Нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг энэ том судалгаанас өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ болон үндсэн хүчин зүйлс болох Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц гэсэн үзүүлэлтээр Монгол Улс ямар оноотой, хэддүгээрт яваагаа мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж байгаагаа харах боломжтой юм.
Харин манай хоёр хөршийн хувьд БНХАУ 14-т, ОХУ 45-д эрэмбэлэгджээ. Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өмнөх жилээс буурсан байна. Манай улсын хувьд хэрэглээний үнийн индекс, амьжиргааны өртөг бага, орон сууц, оффисын түрээс бусад улсуудтай харьцуулахад мөн бага байгаа нь эерэг давуу тал. Харин Олон улсын худалдаа, Бүтээмж үр ашиг, Санхүү, Менежментийн үйл ажиллагаа, Технологийн дэд бүтэц, Шинжлэх ухааны дэд бүтэц, Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг бүлэг үзүүлэлтүүд нь хойгуур эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн судалгаанд оролцсон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засагт хамгийн сайн гэж үзэж байгаа таван зүйлээр эдийн засгийн идэвх, татварын бодлого, нээлттэй бөгөөд эерэг хандлага, боловсролын түвшин, мэргэшсэн ажиллах хүчнийг тус тус нэрлэжээ. Үүний эсрэгээр эдийн засгийн хөгжилд саад болж буй таван хүчин зүйлээр бодлогын тогтворгүй байдал буюу бодлогын залгамж халаа, дэд бүтцийн сул хөгжил буюу найдваргүй байдал, судалгаа ба хөгжүүлэлт, засаглалын чадамж, санхүүжилтийн хүртээмж зэргийг нэрлэсэн байна. Энэ нь дээрх хүчин зүйлүүд тогтворгүй бөгөөд сул, хангалтгүй байгаа гэсэн үг.
ХОЦРОГДОЛД НӨЛӨӨЛСӨН ХОЁР ШАЛТГААН
Өрсөлдөх чадварын асуудлаар олон улсын түвшинд харьцуулсан иж бүрэн судалгаа, тайлан гарах болсон нь бодлого төлөвлөгчид, шийдвэр гаргагчдын хувьд бэлэн гарын авлага л гэсэн үг. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 2019 оны өрсөлдөх чадварын судалгаанд үндэслэн анхаарах хоёр зүйлийн талаар зөвлөмж гаргажээ. Үүнд, Хуулийн засаглал, сайн засаглал, Тогтвортой байдлыг онцолсон байна.
Хуулийн засаглал, сайн засаглал бол өрсөлдөх чадварын 10 алтан дүрмийн анхдагч дүрэм нь. Шүүх эрх мэдлийн буюу хууль хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа сайн бол улс орны хөгжлийг түргэтгэнэ. Эсрэгээрээ муу бол хөгжлийг саармагжуулах эрсдэлтэй. Манай улсын хувьд хууль гардан хэрэгжүүлж буй хүмүүс нь дэлхий нийтээд дагаж мөрддөг эрх зүйн сонгодог суурь зарчим, ойлголтуудыг одоо болтол бүрэн ойлгоогүй буюу мөрдөхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл хууль зүйн салбарын оюун санааны шинэтгэл эдийн засаг, нийгмийн бусад салбарынхаас хоцрогдмол байгаа нь Монгол Улсын хөгжил дэвшилд саад болж байна гэж үзжээ.
Харин тогтвортой байдал бол хууль, шийдвэр урт хугацаанд тогтвортой мөрдөгдөхөөс гадна төр засгийн байгууллагын нэр, хаяг, бүтэц тогтвортой байхаас эхэлнэ. Манай улсад Засгийн газар солигдох бүрд хүн солихын тулд яам, агентлагуудын нэрийг өөрчилж, үргүй зардал үлэмж ихээр гаргадаг явдал жишиг болж тогтсон. Үүнээс болж тухайн яам, агентлагийн гадаад харилцаа холбоо тасрахаас эхлээд олон сөрөг нөлөөлөл үүсдэг. Гэтэл дэлхийн улс орнуудад яамны нэр нь олон зуун жилээр өөрчлөгддөггүй. Сүүлийн үеийн түүхээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар л бүтцээрээ оролдоогүй байна. Энэ бол тогтвортой байдлын хувьд тун эерэг үзүүлэлт бөгөөд удаан хугацаандаа улс орны өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйл юм.