Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, Улаанбаатар хот руу нэвтрэх долоон цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд 39 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэнээс одоогийн байдлаар таван хүн эмнэлэгтээ эмчлэгдэж байна. Бусад нь эдгэрч гарсан. “Яндангаа хөөлье” арга хэмжээнд та бүхэн идэвхтэй оролцож, угаарын хийнд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Сайжруулсан шахмал түлшний “сайн” карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой” хэмээлээ.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх, хоёрдугаарт гараа тогтмол угаах, гуравдугаарт хүн хоорондын зайг баримтлах хэрэгтэй. “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулна” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс