Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Тэрээр цар тахлын эсрэг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болсон нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг тэмдэглэв. Цаашид: – Цар тахлын халдварын эрсдэл өндөртэй энэ үед шаардлагатай нөөц, бэлэн байдлаа хангах – Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сургалтыг байнга хүргэх – Хүнийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх – Монгол хүн бүр эх орондоо өвчнөө оношлуулах, эмчлүүлэх боломжийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлж, эмч, ажилтнуудаа давхар бэлтгэх – Эмнэлгийн ажилтныг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран бэлтгэдэг байх – Сувилагчдын тоог нэмэгдүүлэх – Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах – Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг чиглэл болголоо. Монгол Улсад орчин үеийн анагаах ухаанд тулгуурласан эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой ирэх онд тохиох юм. Энэ хугацаанд манай улсын хүн ам 600 мянгаас гурван сая гаруй болж, 42 байсан дундаж наслалт 70 болсон байна. 1921 оноос өмнө 1000 эх тутмын 13 нь нас барж, төрсөн хүүхдийн 50 хувь нь нэг нас хүрэлгүй эндэж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.