Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл нь Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали Улсын Элчин сайдын яам, Монгол дахь “Гёте” институт, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус наадам нь Нээлтийн киноны уралдаант хэсэг, Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, “Үзэхийн хязгаар” хэсэг, “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” кино найруулагч нарт зориулсан сургалт зэрэг онцгой хөтөлбөртэй явагдах юм. Кино наадмын уралдаант хэсгийн шүүгчээр “Улаанбаатар” Олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, кино найруулагч Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Монгол Үндэсний Кино Хорооны тэргүүн М.Оргил, кино судлаач, шүүмжлэгч Б.Түмэн-Өлзий, Утга зохиол судлаач, Шүүмжлэгч П.Батхуяг, “Улаанбаатар” Олон улсын кино наадмын олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет, хөтөлбөр боловсруулагч Тибу Брак нар ажиллажээ. Нээлтийн кино болон Монгол киноны уралдаант хэсэгт Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай, 2019-2020 онд шинээр бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна гэсэн шалгуурын дагуу бүтээлийг хүлээн авсан аж.
2020 оны “Улаанбаатар” Олон улсын кино наадмын Нээлтийн киноны уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” бүтээлүүд өрсөлджээ. Эдгээр бүтээлээс С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” уран сайхны кино энэ жилийн наадмын салхийг хагалан нээхээр болсон байна.
“Улаанбаатар” Олон улсын кино наадмын монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлджээ. Эдгээр долоон бүтээлээс тус наадмын шүүгчид “Хөхөө”, “Гэргий”, “Эмэгтэй” бүтээлүүдийг тус наадмын монгол кино хөтөлбөрт сонгожээ. Наадмын хөтөлбөрт багтсан уран сайхны кинонуудыг 2020 оны 10-р сарын 21-ний өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулах болно.
Мөн тус хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 10-р сарын 21-ний 18:00 цагт “Тэнгис” кино театрт болох ба Хангарьдын эздийг тодруулах ёслол болох юм байна.