Sunday, November 24, 2024

Нийслэлийн есөн дүүргийн 45 байршилд шинэ ногоо худалдаалж байна

Date:

С.ИЧИНХОРЛОО

Навчис шаргалтсан намрын налгар өдрүүд үргэлжилж, шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 45 байршилд амжилттай зохион байгуулж байна. Иргэдийн худалдан авалт болон хүнсний ногооны үнэ ханшийг сурвалжлахаар Тусгаар тогтнолын талбайд байрлах Сэлэнгийн тариаланчдыг зорилоо. Бороо хуртай, сэрүүхэн байгаа ч хүнсний ногоогоо нөөцөлж бэлдэхээр яваа хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа нь илт. Асар бүрт шинэ ургацын ногоог алаглуулан өржээ. Иргэд ногооны үнэ ханшийг нь асууж, өөрсдийн хэрэглээнд тохируулан худалдан авалт хийж байгаа дүр зураг ажиглагдав. Хоёр сарын өмнө хүнсний ногооны үнэ “тэнгэрт хадаж” төмс гэхэд 2000 төгрөгт хүрч, улаанбаатарчууд ургац хураалтыг хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Төмс, байцаа 700, манжин, лууван 1000, өргөст хэмх 1300-1500, чинжүү 4500, хулуу 2500-4500, сонгино 2500, улаан лооль 6000, шанцай 1500, брокли 5000 төгрөгөөр борлогдож байна. Төрөл бүрийн нарийн ногоог хүлэмжинд тарьж, ургуулж, үр шимийг нь хүртэж байгааг харахад Монголын тариаланчдын хичээл зүтгэл асар их юм. Тарьсан ногоо, жимсээ төрөл бүрээр нь даршилсан шилтэй бүтээгдэхүүнээ эмх цэгцтэй эгнүүлэн тавьж, хүн бүрт тайлбарлан зогсох охиныг Э.Амирда гэдэг. Түүний аав, ээж нь Зүүнхараад ногоо тарьж, амьдрал ахуйгаа залгуулсаар иржээ. Тэрбээр “Аав ээж хоёр маань Зүүнхараад ногоогоо хурааж байгаа. Одоогоор хичээл эхлээгүй болохоор зарж, борлуулах ажлыг нь би хариуцаж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт эрс мууджээ. Бага хэмжээгээр л авч байна. Зарим хүн Монголд яг тарьсан уу гэж асуудаг. Монголын хөрсөнд үрслүүлж хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүлэмжинд нарийн ногоог ч тарьж байгаа. Гарал үүслийн бичгээ хүртэл харуулаад худалдаагаа хийж байна” гэв. Зэргэлдээх асарт тус аймгийн Баянгол сумын тариаланч А.Чимгээ байрлаж байна. Тэрбээр 20 жил ногоо тарьсан туршлагатай нэгэн. “Сүүлийн жилүүдэд нарийн ногоо голчлон тарьж байгаа. Хашаандаа жимсний мод ургуулдаг. Тухайлбал, үхрийн нүд, чацаргана, монос, долоогоно, тэхийн шээг, тошлой. Хураасан үр жимсээрээ төрөл бүрийн чанамал хийдэг. 50 шил үхрийн нүдний чанамал хийж, авчирсан. Хоёр хоногт л зарж дууслаа. Нэг га талбайд төмс тарьсан. Нарийн ногоогоо хашаандаа тарьчихдаг. Нутгаасаа “Маяти” маркийн машинд ногоогоо ачаад ирсэн. “Намрын ногоон өдөр”-үүд үзэсгэлэнд оролцоод гурав хонож байна. Эхний өдөр худалдан авалт сайн байсан. Харин амралтын өдрүүдэд бороо орсон ч зорьж ирээд хүнснийхээ ногоог авч байгаа олон хүн байна. Шуудайгаар нь авахгүй юм. Ихэвчлэн 3-4 кг-аар авч байгаа” гэлээ. Биднийг ийн ярилцах зуур гэр бүлийн хосууд “Шинэ ургацын ногооны үнэ боломжийн санагдлаа. Бороо ороод хүйтэн байна. Настай хүн харагдахаар нь таныг зориод ирлээ” гээд эелдэгхэн инээмсэглэсээр А.Чимгээгээс төмс, лууван, манжин мөн даршилсан өргөст хэмх, жимсний чанамалаас нэлээд хэдэн шилийг худалдан авч, орлого оруулаад явцгаав. Хүмүүс асруудын үүдээр эргэлдэж, үнэ ханшийг нь судалж, “Доошоо яриад хямдруулбал төдөн кг-ыг авах гэсэн юм” гэж өөр хоорондоо ярилцаж, харилцан тохиролцож, худалдаа хийж байлаа. Худалдан авсан хүнсний ногоог машин руугаа зөөж, “Намар идэх ногоогоо нөөцөлж явна” хэмээх бүсгүй бол Л.Саранчулуун. Түүний хувьд Хан-Уул дүүргээс зорьж иржээ.“Амралтын өдрөөр хүнсний ногоогоо зэхэхээр гарч ирсэн. Эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг учраас ихэвчлэн нарийн ногоо худалдан авлаа. Би Хан-Уул дүүрэгт амьдардаг. Хорооллын супермаркетэд төмс 2000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин энд кг нь 700 төгрөг гэж байна. Хулууг гоё ургуулсан санагдлаа. Нэг үеэ бодоход монголчууд нарийн ногоог тарьж чадаж байна. Даршилсан ногооны заавар, орц, найрлагаа тодорхой бичээгүй байна лээ. Харшилтай хүмүүс их байдаг. Тэр тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Гурван долоо хоногийнхоо хүнсний ногоог худалдан авлаа. Хөлдөөгөөд хадгалчихдаг. 160 гаруй мянган төгрөгийн худалдан авалт хийлээ” гэлээ.Ийнхүү аагим халуун, хүйтэн бороог үл ажран зунжин тордож, ургуулсан ургацаа тариаланчид нийслэлийн хэрэглэгчдэд тун боломжийн үнээр борлуулж байна. “Ажлын өдрөөр тэр тусмаа орой харих замдаа хүмүүс хүнсний ногоо худалдаж аваад явдаг. Өнөөдөр нам гүм, орлого багатай байна” гэж худалдаачид хэлж байлаа. Үүний дараа бид Баянзүрх дүүргийн I хороо “Скай” их дэлгүүрийн гадна талбайд болж буй ногооны үзэсгэлэн худалдааг сонирхлоо. Машины зогсоол дүүрч, тэнд зассан асрын гадуур хөл хөдөлгөөн ихтэйг харахад худалдан авалт сайн байгаа бололтой. Асрын үүдээр ороход хөл эргэх зайгүй хүмүүс худалдан авалт хийж байв. Үнэ ханшийн хувьд ч харилцан адилгүй. Шуудайгаар нь худалдан авч байгаа хүмүүст худалдагч “Хөлдөөгөөд хоолондоо хэрэглэчихнэ. Муудна гэж санаа зоволтгүй” гэж зөвлөж байгаа сонсогдоно. Энэ үеэр тариаланч Ч.Эрдэнэбаяраас цөөн асуултад хариу авлаа.-Таны хувьд ногоо тариад хэдэн жил болж байна вэ. Үнэ ханшийн хувьд?-Ногоо тариад 30 гаруй жил болж байна. Тарьж ургуулсан шинэ ургацын ногоогоо борлуулж, гэр бүлийн бизнес хийгээд 15 жил өнгөрчээ. Төмс, байцаа 700, лууван, манжин 1000, хулуу 3000, сонгино 2500, улаан лооль, хаш 6000 төгрөгөөр худалдаж байна. Шуудайгаар нь худалдаж авбал кг тутамдаа 200 төгрөгөөр хямдруулдаг. -Иргэдийн худалдан авалт хэр байна вэ. Тэд ихэвчлэн шуудайгаар нь авч байх шиг байна? -Маш сайн байна. Монголынхоо хөрсөнд тарьсан ногоог хүнсэндээ хэрэглэж, тариаланчдаа дэмжиж байгаа нь сайхан санагдлаа. Төмс, манжин, лууван, сонгиныг голчлон авч байна.-Өдөрт хэчнээн төгрөгийн ногоо борлуулж байна вэ?-Өдөр бүр харилцан адилгүй. Ямар ч байсан өнөөдөр 700 мянган төгрөгийн орлоготой бууж байна. Хоёр хоног тутамд хот руу ногооныхоо таталтыг хийж байгаа гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...