Намар болж газар навчаар хучигдаж эхлэх үед бид байгаль болон гоо зүй хоёрын үзэсгэлэнтэй зохицлыг олж хардаг. Унасан навчис ирэх хаврын ургамал ногоонд бордоо нь болохоос гадна зарааны үүр ичээний гол дулаалга болдог аж. Зарим улс оронд, жишээлбэл Украйнд хатаж унасан навчийг бүрэн ашиглаж чадалгүй шатааснаас болж агаарт хорт хий дэгдэж, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учирдаг байна. Тиймээс та бүхэнд дараах байгаль орчинд ээлтэй санааг хүргэж байна.
Унасан навчнаас яаж цаас гаргах вэ?
Хотын цэцэрлэгт хүрээлэнгээс цуглуулсан навч нь цаас үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой түүхий эд юм. 20 мянган хуудас цаас үйлдвэрлэхэд 1681 кг навч хэрэгтэй болдог ажээ. Энэ нь ойролцоогоор 10 модтой тэнцэх юм.
Навчийг цаас болгоход туслах хамгийн эхний зүйл нь түүнд агуулагдах целлюлозын өндөр агууламж (60-80%) юм. Целлюлозын ширхэгийг гаргаж авахын тулд навчийг урьдчилан зохих ёсоор боловсруулсан байх ёстой аж. Харамсалтай нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь нэлээд үнэтэй бөгөөд өдөрт 30 тонн навч боловсруулах чадалтай байдаг гэнэ.
Цаас заавал цагаан байх албагүй
Унасан навчнаас гаргаж авсан цаас нь бидний хэрэглэдэг шиг цагаан өнгөтэй байх боломжгүй юм. Зориулалт нь ч мөн өөр бөгөөд навчнаас гаргаж авсан целлюлозыг картон, боодлын цаас, сав баглаа боодлын үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Үүнээс гадна навч нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн 100 биш, харин 75 хувийг бүрдүүлдэг байна.
Шинэ санаа олсон түүх
Шинжлэх ухаан, технологийн нээлт хийх сонирхолд автсан Украины нэгэн залуу целлюлозыг үр дүнтэй, хор хөнөөлгүй үйлдвэрлэх төгс шийдлийг эрэлхийлсээр иржээ. Багш нар болон гэр бүлийнхнээсээ урам зориг авч эрлээ үргэлжлүүлсэн тэрбээр хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй, урьд өмнө нь цаасан үйлдвэрлэлд ашиглаж үзээгүй материалыг хайж олсон нь унасан навч байлаа. Тэрбээр мөөг түүж байхдаа уг санаагаа олсон гэнэ.
Энэхүү технологийг санаачлагч Валентин Фречка ахлах сургуулийн сурагч байхдаа эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны үеэр унасан навчнаас анхны цаасаа гаргаж авжээ. Тэрбээр Тунис, Кени, АНУ-д өөрийн санаагаа танилцуулсан ба өнөөдөр Дани, Финлянд улсууд уг бүтээгдэхүүнийг сонирхож байгаа ажээ. Түүний технологи нь олон тооны туршилт, сайжруулалтын дараа эцсийн шатны шалгаруулалтаа амжилттай давсан бөгөөд Украйнд удахгүй их хэмжээгээр үйлдвэрлэх гэж буй ажээ.
Унасан навчны цаас үнэхээр шинэлэг зүйл мөн үү?
Валентины энэ санаа хэдийгээр энгийн бөгөөд шинэлэг боловч тэр унасан навчнаас цаас гаргаж авах санааг гаргасан анхны хүн биш юм. Түүнээс өмнө 100 жилийн тэртээ 1919 онд гарч байсан уг шийдлийг Францын Шинжлэх Ухааны Академийн судлаач Эдмонт Перриер болон Карен Драмсон нар дэмжиж байв. Гэсэн хэдий ч тухайн үед бодит ажил болгож чадаагүй аж. Харин байгаль дэлхийгээ хайрлах шаардлагатай тулгараад байгаа үед энэ санааг үйлдвэрлэлд нэврүүлэх цаг нь болжээ.