Испанийн эзэн хаан асан I Хуан Карлос энэ сарын 4-нд эх орноо орхин хилийн чинад руу дүрвэсэн билээ. Испанид ардчиллыг авчирч, хувьсгалчдын бослогыг амжилттай дарсан хэмээн түүний хаанчлалын он жилүүд гайхам амжилтаар эхэлсэн. Үндэсний баатар хэмээн өргөмжлүүлж байсан эзэн хааны засаглал дуулиантайгаар дуусчээ. Нэгэн цагт “Ардчилсан хаан” гэгдсэн Хуан Карлос язгууртан хүнд баймгүй ер бусын зан авир, амьдралын энгийн хэв маягаараа алдартай. Тэрбээр ёс жаягаас ангид байхыг эрхэмлэдэг. Мадридын кафед суун кофе уух түүний дүр одоо ч испаничуудын сэтгэлд үлджээ. Тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа чөлөөт цагаа ач, зээтэйгээ өнгөрүүлдэг гэр бүлсэг нэгэн байлаа. Мөн хаанчлалынхаа он жилүүдэд спортоор идэвхтэй хичээллэж, ард түмэндээ үлгэр дуурайл үзүүлсэн юм.
Улс төрийн тоглоомын барьцаа
Иргэний дайн эхэлсэн 1930-аад оны эхэн үед Хуан Карлосын өвөө XIII Альфонсо хаан ширээнд сууж байв. “Испанийн ханиад”-тай тэмцэж, иргэдийн амьжиргааны түвшин доройтсон тэр цагт Ерөнхий сайд, генерал Мигель Примо де Ривера улс төрийн бүхий л чухал шийдвэрүүдийг гаргаж байлаа. Цэргийн дарангуйллын сүүдэрт нуугдсан эзэн хаанаа испаничууд өршөөгөөгүй юм. Улс орон даяар жагсаал цуглаан болж, хааныг сайн дураараа огцрохыг шаардаж эхлэв. Цөхрөнгөө барсан Альфонсод Португалд цөллөгт явахаас өөр сонголт үлдсэнгүй. Ийнхүү Бурбончуудын угсаа залгамжлал Испанид тасалдав. Түүнчлэн 1939 он гэхэд Испанид цэргийн бослогын үр дүнд Франциско Франкийн дарангуйлал тогтжээ. Улмаар “Франкист Испани” гэгддэг баруун зүгийн авторитар дэглэмийг (бараг тоталитаризм) байгуулсан юм. Дэлхийн II дайны дараа Франко Испанид Үндсэн хуульт хаант засаглал байгуулахыг дэмжсэн Европын удирдагчид болон АНУ-д бууж өгчээ. Нэмж дурдахад, улс орны ирээдүйн төрийн бүтцийн талаархи бүх нийтийн санал асуулгаас харахад 14 сая испани хүн хаант засаглалыг дэмжиж байв. Тиймээс Франко нь дотоод болон гадаад улс төрийн нөлөөгөөр Испанийг хаант улс хэмээн албан ёсоор зарласан юм. Үүний зэрэгцээ Франко цогцлоосон дэглэмээ хэрхэн хадгалах талаар нухацтай бодож эхлэв. Дарангуйлагчийн дотны найз Салгадо-Арауха “Франко дэглэмээ хадгалж үлдэх сүүлчийн боломж нь угсаа залгамжилсан хаант засаглал гэж тооцоолсон. Гэхдээ итгэл хүлээх хүнийг хаанаар сонгохыг хүссэн. XIII Алфонсогийн ууган хүү нас барж, дунд хүү нь төрөлхийн дүлий байлаа. Тиймээс отгон хүү Дон Хуаныг сонгосон” гэж намтартаа бичжээ. Ингээд Франко 1948 оны наймдугаар сарын 25-нд гүн Хуантай биечлэн уулзав. Их Британийн тэнгисийн цэрэгт алба хааж байсан Хуан Бурбоны угсааг сэргээх цорын ганц боломж хэмээн Франкогийн саналыг хүлээн зөвшөөрчээ.
Мадридын элитүүдийн коллежийг төгсөөд Хуан Карлос цэргийн академид үргэлжлүүлэн суралцав. Франкогийн “ирээдүйн дарангуйлагчийг бэлтгэх” төлөвлөгөөний дагуу Хуан Карлос Мадридын их сургуульд улс төр, олон улсын эрх зүйн чиглэлээр суралцаж төгсчээ. Франциско Франко сонголтдоо сэтгэл хангалуун байв. Учир нь Хуан Карлос хоёр дахь эцгийнхээ дэглэмд үнэнч байхаа баталж, түүнийг хязгааргүй хүндэлдгээ харуулсан юм. Франко Хуан Карлосыг хилийн чинадад аялахыг зөвшөөрдөг байв. 1956 онд Хуан Карлосын зүрх сэтгэлд хүчтэй ул мөр үлдээсэн эмгэнэлт явдал болжээ. Түүний дүү 14 настай Инфанте Альфонсо суманд оногдож нас барав. Энэ ослыг Франко гэнэтийн явдал байсан хэмээн тайлбарлажээ. 1960-аад оны төгсгөлд Франциско Франко цаг үе нь дуусч байгааг ойлгов. Дарангуйлагч эр Паркинсоны өвчнөөр шаналж, хараа нь муудсан тул хар нүдний шил зүүх болжээ. Түүнийг залгамжлагчаа зарлахыг ятгахад “Цаг нь болоогүй байна. Бодох хэрэгтэй” гэж тайван хариулдаг байв. Дарангуйлагч 80 настайдаа л Хуан Карлосыг ирээдүйн хаан хэмээн албан ёсоор зарлахыг зөвшөөрсөн юм.
Шинэчлэгчээс дүрвэгчийн дүрд
Дарангуйлагч таалал төгсч Хуан Карлосын цаг ирлээ. Испани үймээн самуунтай байв. Франциско Франкогийн өсгөсөн 31 настай залууг зохистой залгамжлагч болж чадах эсэхэд олон нийт эргэлзсэн юм. Испаничууд шинэ хаан Засгийн эрхэнд удаан оршин тогтнохгүй гэж мөрийцөж байжээ. Тэр ч байтугай хэвлэлүүд “Түр зуурын Хуан Карлос” хэмээн тодотгож, “Франкоист хүмүүжилтэй Хуан Карлос хүлээн авалтан дээр л гэрэлтэх байх даа” гэж дүгнэсэн юм. Үнэндээ тэд Бурбоны залуу залгамжлагчийг дутуу үнэлжээ. Хуан Карлос испани маягийн сэтгэл хөдлөлөө төгс барьж, улс төрийн нөхцөл байдлыг соргог мэдэрч байлаа. Испаничууд 1970-аад оны эхээр Европын бусад улстай адил ардчиллыг хүсч байсан учир шийдэмгий алхам хийх цаг нь болсон гэж Хуан Карлос үзжээ. Юун түрүүнд тэрбээр Франкод тууштай зүтгэсэн Карлос Ариас Наваррог Засгийн газрын тэргүүний албан тушаалаас чөлөөлж шинэчлэгч Адольфо Суаресийг Ерөнхий сайдаар томилов. Дараа нь Испанийн “Фаланкс” (Франко дэглэмийн албан ёсны нам)-ийг татан буулгаж, олон намын тогтолцоог зарлажээ. Эцэст нь тэрбээр 1978 онд ардчиллын зарчим, бүх иргэдийн хууль ёсны эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталлаа. Ийнхүү богино хугацаанд Испани улс ардчилсан замналаар хөгжиж эхлэв. Хуан Карлос испаничуудын үндэсний баатар болжээ. Гэхдээ Испанид хэт их амбицтай хаант улсаас өшөө авахыг хүссэн хувьсгалчдын нууц бүлгэм бүрэлдэв. Испанийн коммунистуудын удирдагч Сантьяго Каррило 1981 онд төрийн эргэлт хийхийг оролджээ. Хуан Карлос цус урсгасан дайнаас зайлсхийхийн тулд олон нийтийн телевизээр төрийн эргэлт хийх оролдлогыг буруушааж, хувьсгалчдыг бууж өгөхийг уриалав. Тэрбээр улсынхаа зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан ч хувьсгалчдын эсрэг буу шагайхыг хүсээгүй юм. “Эх орон эв нэгдэл, тогтвортой байдлын бэлгэдэл болсон хаант засаглал нь Испанийн ард түмний Үндсэн хуулиар тогтоосон ардчиллыг түлхэн унагахыг зөвшөөрөхгүй” хэмээхэд Сантьяго Каррилло “Бурхан хааныг авраг” гэж хэлээд бууж өгчээ.
Хуан Карлос 1992 онд Барселона хотод зохион байгуулагдсан XXV зуны олимпын наадмыг нээснээс хойш олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцоогүй юм. Түүнийг энхийг сахиулах үйлдсэд идэвхтэй оролцсон хэмээн 1995 онд Нобелийн энхтайвны шагнал гардуулжээ. Үндэсний баатар хэмээн өргөмжлүүлж байсан эзэн хааны засаглал дуулиантайгаар дуусчээ. 2012 онд Испанид эдийн засгийн хямрал нүүрлэж, Хуан Карлосын нууц данс, авлигын мэдээлэл ил болов. Тэрбээр арга буюу хүү, хунтайж Филиппид хаан ширээгээ өвлүүлээд албан тушаалаасаа огцрохоор шийджээ. Хаан I Хуан Карлос шууд нэвтрүүлэгт оролцон “Миний хаанчлал төгсөж байна. Испаничуудын сайн сайхан ирээдүйн төлөө хаан ширээг хүүдээ шилжүүлнэ” хэмээжээ. Гэхдээ хуучин хааны нэр холбогдсон шуугиан үүгээр дууссангүй. Швейцар улс 2018 онд Хуан Карлосын хууль бус орлогын эх үүсвэрт мөрдөн байцаалт явуулж эхэлсэн юм. Тодруулбал, 2008 онд Саудын Арабын хаанаас 100 сая ам.доллар авсан нь тодорхой болжээ. Энэ нь Хуан Карлосын дансанд орсон цорын ганц сэжигтэй “бэлэг” биш байлаа. Персийн булангийн орнуудаас Испанид газрын тос нийлүүлэх гэрээг байгуулахдаа баррель тутамд 1-2 ам.доллар хувьдаа авч байжээ. Испани улсад түүний санхүүтэй холбоотой мөрдөн байцаалт 2020 онд албан ёсоор эхэлсэн. Энэхүү шалгалтаар Хуан Карлос Коринна Ларсен, шоу жүжигчин Барбара Рей, загвар зохион бүтээгч Марта Гайя, Италийн телевизийн хөтлөгч Рафаэлла Карра нартай гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь илчлэгджээ. Ингээд 82 настай Хуан Карлос хүүдээ “Испанийн хаант улсын нэр хүндийг унагаахгүйн тулд эх орноо сайн дураараа орхих шийдвэр гаргалаа” гэсэн захидал үлдээгээд дүрвэсэн байна. Харин Испанийн хүндэт хатан хаан София “Ла Зарцуэла” ордондоо үлджээ.
Ард түмний хатан хаан
Угсаа залгамжлах Хуан Карлос 1960 оны Ромын олимпын үеэр Грекийн гүнж Софиятай танилцжээ. София /Грекийн сүүлчийн хаан Константины эгч/ улсынхаа шигшээ багийн гишүүн байсан юм. Испанийн хаан ширээг залгамжлагч, Грекийн хаан I Павелын ууган охины хуримыг нэгэнтээ “зууны” хэмээн тодотгосон байдаг.
Гэхдээ хөрөнгө чинээ бус тэдний шашин шүтлэг гэрлэлтэд саад болжээ. Хүргэн хүү католик, сүйт бүсгүй үнэн алдартны шашинтай байв. Грекийн хаад нь Романовын угсааныхан байсан учир үнэн алдартны шашинтнууд юм. Испанийн тал католик шашны дагуу хуримын ёслол үйлдэхийг шаардсан бол Грекийн хаан охиноо гэрлэснийхээ дараа шүтлэгээ өөрчлөхийг тулган шаарджээ. Энэ хуримын маргааныг шийдвэрлэхэд Ромын пап хүртэл оролцсон юм. Хуримын ёслол 1962 оны тавдугаар сард Софиягийн төрөлх хот Афинд болов. Эртний Афин хот гүнжийнхээ хуриманд бэлдэж, гудамж талбайгаа сүйт бүсгүйн дуртай сарнай цэцгээр чимэглэн хүмүүс нь хөл хөөртэй байлаа. Хуримын хүндэт зочид испаничууд Грект ирснээр Газрын дундад тэнгисийг нэгтгэсэн хоёр улсын гайхамшигт баяр болсон юм. Хурим Гэгээн Дионисийн сүмд болжээ. Хааны ордноос сүм хүртэл эгнэн зогссон хүмүүс сүйт бүсгүйд баяр хүргэж байлаа. Софиягийн хуримын даашинзыг тухайн үеийн алдартай коутюрчин Жан Десс урлажээ. Эзэн хааны ордонд болсон тансаг хүлээн авалтад Европын хаадын гэр бүлийн төлөөлөл оролцсон юм. Тэд дэлхийн нэгдүгээр дайнаас хойш ийнхүү баяртайгаар цугласан удаагүй. Софиягийн ээж Пруссын гүнж, Германы язгууртнуудтай төрлийн холбоотой бол эцэг нь Бавари, Оросын хаадын удам байлаа. Харин Хуан Карлос Испанийн хаан, Их Британийн хатан хаан Викториягийн гуч хүү байв. Хуан Карлос, София нар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг Корфуд бал сараа өнгөрүүлжээ. Гэхдээ Хуан Карлос Испанийн хаан ширээнд залрах хүртэл тэдний ирээдүй бүрхэг байлаа. Азаар 1975 онд Бурбоны угсааны Хуан Испанийн хаан болов. Европын хамгийн залуу хатан хаан нийгмийн асуудал, буяны ажилд ихээхэн анхаарал хандуулж 1977 оны “Рейна София” сангаа байгуулжээ. Тэрбээр хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийг дэмжих олон улсын олон төсөл, охидын соёл, боловсролын төвийг санаачилсан юм. Хуан Карлосын амьдралын философийг тун ярвигтай ойлгомжгүй гэж намтар судлаачид дүгнэдэг. Өвөө нь хаан ширээнээсээ огцорч, эх орноосоо цөлөгдсөн түүх түүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлжээ. Мөн ээж нь Францаас хөөгдсөн гүнгийн охин байлаа. Тэрбээр Оросын сүүлчийн эзэн хаан Николай Романовын хувь заяаг давтахаас маш их айдаг байв. Түүний хадам дүү Константин хаан ширээнээсээ хүчээр бууж, Грекээс хөөгдсөн юм. Эдгээр түүхийн сургамж их зүйлийг тодорхойлдог. Тэр тусмаа Хуан Карлос, София хоёр даруухан амьдрахаас ч аргагүй байв. Тэд Мадридын төвд байрладаг сүр жавхлант “Паласио Реал” ордонд амьдрахыг хүсээгүй юм. Ингээд ангийн байр гэгддэг байсан “Ла Зарцуэла” хэмээх өргөөнд суурьшжээ. София Афины их сургуулийг төгссөн багш мэргэжилтэй, герман, франц, англи, грек, испани хэлтэй аж. Цагаачлалын хүнд хэцүүг мэддэг Грекийн гүнж София сүр жавхлант хатан хаан болсон ч тансаг амьдралд татагдаагүй юм. Тэрбээр материаллаг эд зүйлсээс илүү ард түмнийхээ итгэлийг олох, хүүхдүүдийнхээ ирээдүйг нэгдүгээрт тавьжээ. Эзэн хаантай холбоотой шуугиан дэгдэхэд хэвлэлүүд хатан хаан руу давшлаагүй бөгөөд одоо ч Дона София хэмээн хүндэтгэлтэй ханддаг аж.