Sunday, November 24, 2024

Х.Нямбаатар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хууль зүйн шинэчлэлийн бодлогыг танилцууллаа

Date:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль зүйн салбарын ирэх дөрвөн жилийн бодлого, арга хэмжээний талаар өчигдөр танилцууллаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх зорилт дэвшүүлжээ. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Алсын хараа-2050” гэсэн гурван баримт бичигт тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотголоо. Тэрбээр хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлд тавьсан 11 зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаар тусгасан гэдгийг хэллээ. Тухайлбал, Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг арван хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах аж. Хуулийн шинэчлэлт хийх болсон шалтгаан нөхцөлийн тухайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсад 2002-2003 оноос эрхзүйн шинэтгэлийн давалгаа эхэлсэн. Иргэн болон Эрүүгийн хуулийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчилсэн. Улмаар 2015-2017 онд Эрүүгийн болон Зөрчлийн багц хуулийг батлан гаргасан нь эрх зүйн шинэтгэлийн дараагийн давалгаа болсон. Харамсалтай нь 2015-2017 онд хийсэн эрх зүйн шинэтгэлийн давалгаанд иргэний болон арилжааны эрх зүйн зохицуулалтууд өртөөгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний эрх зүйн хууль хувийн өмч, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хангаж чадахгүй, маргааныг зохицуулах үйл явц нь ойлгомжгүй байна. Үүнээс үүдэн үндэсний хууль тогтоомж орлуулагдах хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, манай улсын хоёр бизнес эрхлэгч Сингапурт очиж, тус улсын хууль тогтоомжоор гэрээ хийж, маргаанаа мөн л тухайн улсын хууль тогтоомжоор зохицуулах хэмжээнд хүрлээ. Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бизнесийг арилжааны хуулиар зохицуулах талаар тусгаж өгсөн. Мөн хэрэглэгчийн гэрээний болон Компанийн тухай хуулийг шинэчлэх шаардлага бий” хэмээн ярилаа.

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ, ОЛОН УЛСАД НИЙЦҮҮЛНЭ

Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилт дэвшүүлжээ. Манай улсад албан ёсоор бүртгэлтэй байдаг 159 мянган компаниас 58 мянга нь татвар төлдөг аж. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нээлттэй худалдах нь зүйтэй гэдгийг ХЗДХ-ийн сайд онцоллоо. Уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг бол IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдлыг ирүүлдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, олон улсад нийцүүлэхээр шийджээ.

ӨДРИЙН ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАЖ, ЛОМБАРДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

Олон жил ярьсан иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх, мөнгө хүүлэхтэй тэмцэх асуудлыг шийдэхийн тулд өдрийн зээлийг хязгаарлаж, ломбардыг бүртгэлжүүлэн мөнгөний эх үүсвэрийг баталгаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэ тухайд тэрбээр “Дэлхий нийтэд бол санхүүгийн үйл ажиллагаа явуулж, зээл олгож буй бүх байгууллага нь бүртгэлтэй байдаг. Гэтэл манайх дандаа дэлхий нийтийн жишгээс эсрэг зүйл ярьдаг. ФАТФ, Зөрчлийн тухай хууль хэрэггүй гэдэг. Ийм байдлаар амьдарч болохгүй. Тэнд мөнгө угаасан эсэхийг нотолж чадахгүй учраас түүнийг бүртгэлжүүлэх л ёстой. Өдрийн зээл бол иргэдийг маш их дарамтад оруулж, эцэст нь өмч хөрөнгөгүй болгодог учраас хязгаарлах нь зүйтэй. Ломбардыг хаах тухай яриагүй. Харин бүртгэлжүүлж, зээлээ сараар олгодог болгох талаар ярьж байна. Зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болно. Гэхдээ гол нь энэ байгууллага бүртгэлтэй л байх ёстой” хэмээн тайлбарлав.

ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Үндсэн хуульд заасан иргэдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс хараат бус бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн батлуулснаар төр хувийн хэвшлийн бизнесийг булаадаг байдал зогсоно гэж үзжээ. Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулж, ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг олон улсын түвшинд хүргэж, ил тод, нээлттэй явуулах боломжийг бий болгох аж. Манай улсад одоогийн байдлаар орон нутгийн өмчит 348, төрийн өмчит 102 компани үйл ажиллагаа явуулж байна.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Эрүүгийн хууль тогтооомжийг боловсронгуй болгох тухайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ. Энэ нь хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байгаа. Өмнөх сайдын үед зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд 39.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар олон улсын банктай тохирсон байсны зориулалтыг нь өөрчлөх хүсэлт гаргасан. Энэ мөнгөн дүнг хэд дахин бууруулж, цахим гав гэх мэт хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан энэхүү ялыг эдлүүлэх талаар судалж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Мөн хорихоос бусад төрлийн ялын хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулан нийтэд тустай ажил хийх ялыг томоохон бүтээн байгуулалтад оролцох, гаргасан хохирлыг нөхөн төлүүлээд зогсохгүй, өөрт хуримтлал үүсгэх боломжтой байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэв.
Дээрх мэдээллийн дараа иргэдийн эсэргүүцээд буй Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ямар агуулгаар оруулсан тухайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг сүүлийн 20-оод жил яригдсан. Өнгөрсөн жил олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны эцэст баталсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Үндэсний зөвшилцөл явагдсан. Улс төрийн бүх нам, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд бүх субъект зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас уг зөвшилцлийн ажлын хэсэгт орж, 6.2 заалтыг оруулж ирсэн. Үүнийг тухайн үед бид ямар агуулгаар хэлэлцэж баталсан бэ гэвэл, жишээ нь энэ ширээ, сандал бол төрийн буюу байгууллагын өөрийнх нь өмч, харин баялаг бол төрийн нийтийн буюу ард түмний өмч гэдэг агуулгаар оруулж ирсэн.
Ерөнхийдөө энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгодгоо болъё гэж байгаа юм. Үүний төр өөрөө мэдэж шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, лицензийг нэг агентлаг олгох бус Засгийн газар, УИХ-ын түвшинд олгодог байя гэж байгаа юм. 1997 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар яг ийм нэр томъёо орж ирсэн. Энэ агуулгаар нэмэлт өөрчлөлт орж ирсэн. Одоо үүнийг дагуулж гаргах Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулиар энэ харилцааг зохицуулахаар төлөвлөж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...