МИАТ ТӨХК-ийн “Боинг 767-300” агаарын хөлөгт 2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн юм. Ихэр охид Хар тэнгис, Сочи хотын орчим 10100 метрийн өндөрт тухайн өдрийн 18:30–18:45 минутад төрсөн юм байна. Энэ нь МИАТ компанийн түүхэнд төдийгүй дэлхий нийтэд ч өмнө нь гарч байгаагүй тохиолдол аж.
Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд өчигдөр тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна.
МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг өчигдөр гардуулжээ. Ховорхон хувь тохиолоор мэндэлсэн хоёр охиндоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө жигүүрлэн, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой хэмээн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хамт олноос хүсэн ерөөж гарын бэлгээ мөн гардуулжээ.