Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлтэй анхны хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ээлжийн амралттай байгаа бүх агентлагийн дарга нар, сумдын засаг дарга нарыг наймдугаар сарын 17-ны өдрөөс ажилд нь эргүүлэн оруулах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, зөвхөн дотооддоо хадлангийн нөөцөө бэлтгэх, тодруулбал тухайн сумынхаа нийт хадлангийн талбайн 70 хувийг малчиддаа хуваарилж, үлдсэн 30 хувийг Хэнтий аймгийн ААН-үүд арилжааны зориулалтаар хадлан тэжээл бэлтгүүлэхээр зохицуулалт хийх. Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Түүнчлэн энэ 7 хоногт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж тодорхой болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.