Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёгийн арван гурав дахь өдөр тэмцээнийг тэргүүлэгчид болох озэки Асанояама, маэгашира Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар оноолт тааран барилдлаа. Тэрүнофүжи Асанояамаг давснаар башёг ганцаар хошуучилж эхэллээ.Харин их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс эхлэн бэртлийн улмаас башёг орхив.
Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр ес дахь даваагаа авч зиндаа ахих нь тодорхой боллоо. Тэрбээр энэ сард маэгаширагийн есөөс босч барилдаж буй юм.
Жюүрёо зиндаанд тэргүүлж явсан Миторюү Б.Төрболд дараалан унаснаар түрүүлэх боломжоо бараг алдаад байна. Тус зиндаанд барилдаж буй Хоошорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.