Хэнтий аймгийн Чингис хотод үерийн ус зайлуулах 7,4 км урт суваг татах ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлжээ. Барилга, хот байгуулалтын яамнаас тендер зарлан эхлүүлсэн энэ ажлын явцтай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцжээ.
Ус зайлуулах суваг барих ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нэг сар гаруйн хугацаанд 400 метр суваг ухсан байна. Суваг нь бетон тогоотой учраас өөрсдөө хавтангаа цутгаж байгаа гэнэ. Хавтан нь 2,5х1,5 метрийн харьцаатай 15 см зузаан юм байна. Нэг км суваг барих тендер яамнаас зарлагдсан. 960 сая төгрөгөөр гүйцэтгэхээр сонгон шалгарч ажлаа эхэлсэн гэдгийг компанийн захирал Л.Авирмэд танилцуулжээ. Тус компани 16 ажилчин, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд, арматур зангидан, бетоноо стандартын дагуу цутгаж, горимын дагуу хатаавал 2020 оны 11-р сарын нэгэн гэхэд нийт ажлынхаа 70 хувийг гүйцэтгэнэ гэж тооцжээ. “Усны барилга” ХХК ирэх оны долоодугаар сарын нэгэн гэхэд нийт ажлаа гүйцэтгэх бөгөөд 7,4 км урттай үерийн ус зайлуулах сувгийн ажлын хоёр дахь шатны тендерийн ажил ирэх жил зарлагдана гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Харин Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба 2008 оноос хойш Чингис хотод 2-3 удаа гамшгийн хэмжээнд хүрэхүйц үер болсон. Тиймээс Хэнтий аймаг уулын уснаас сэргийлэх, мөн аймгийн төвдөө ус зайлуулах системтэй байх ёстойг чухалчлаад, энэ талаар тодорхой, бодитой шийдэл гарган ажиллаж буйгаа онцолжээ. Нийтдээ 13 тэрбум төгрөгөөр 7,4 км суваг, хот доторх ус зайлуулах систем барих тооцоо гарсан юм байна.