Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёгийн арван нэг дэх өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивэкэ Митакэүмид өвдөг шороодсоноор сүүлийн хоёр өдөр дараалан унаж, башёг тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдав. Арван нэгэн өдрийн дараах байдлаар озэки Асанояма, маэгашира Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар 11 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна.
Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр унаснаар дөрвөн даваа, найман унаатай болж 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болов. Өчигдөр Котошохог давж 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр тэмцээнийг хошуучлагчдын нэг Тэрүнофүжид өвдөг шорооджээ.
Жюүрёүд барилдаж буй монгол бөхчүүдээс Миторюү Б.Төрболд есөн даваа, гурван унаатайгаар зиндаагаа ганцаар тэргүүлж байна. Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр давж, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлжээ.