Сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орсоны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай зам усанд автаж, зорчиход хүндрэлтэй болжээ. Тиймээс засварын ажил хийгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэх хүртэл уг чиглэлийн замыг түр хаасан байна.
Цаашид хур бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Тухайлбал, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөв гарчээ. Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах, аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас мөн анхааруулж байна.