Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрснээ тэмдэглэсэн байна. Тэрбээр ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэх хүсэлт тавьжээ.
Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт чухал болохыг тэмдэглэж, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцсон байна.
Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар улс орнууд цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.