Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн туйлын цагаан баавгай 2100 он гэхэд устаж мөхөх аюул нүүрлээд байгааг зарим судлаач анхааруулжээ. Тэд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй бол энэ зууны төгсгөл гэхэд туйлын цагаан баавгай үгүй болно” гэж онцолжээ. Арктикийн мөс хурдацтай хайлж байгаа нь цагаан баавгайн тоо толгой эрс цөөрөхөд нөлөө үзүүлж байгаа юм байна. Цагаан баавгайнууд хоол тэжээлээ олж идэхэд мөс маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал Арктикийн мөсний хэмжээ багасахад ихээхэн нөлөө үзүүлж, цагаан баавгай хүнс тэжээлийн гачигдалтай тулгарах болжээ.
Канадын Торонтогийн Их сургуулийн судлаач Петер Молнар “Цагаан баавгайнууд дэлхийн дээвэр дээр амьдардаг. Мөс байхгүй болсноор тэдэнд өөр амьдрах газар нутаг олдохгүй” гэж ярьсан байна. Мөн тэрбээр “Цагаан баавгай “цаг уурын өөрчлөлтийн зурагт хуудас” болж хувирлаа” гэжээ. Хиймэл дагуулын тусламжтайгаар Арктикийн мөсөн хавтангуудын өөрчлөлт, агшилтыг 1970 оноос хойш тасралтгүй хянаж, ажиглаж байгаа юм. Хойд туйлын мөсөн хавтангууд 10 жил тутамд 13 хувиар багасаж байгаа аж.
Эх сурвалж: http://www.bbc.com, http://www.usatoday.com