Saturday, November 23, 2024

Эрүүл мэндийн салбарын өнгийг тодорхойлогч ууган эмнэлэгт гарсан өөрчлөлтүүд

Date:

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг сүүлийн нэг жилийн  хугацаанд хийсэн ажлын тайлангаа салбартаа болон тус эмнэлгийн эмч, ажилчид, үйлчлүүлэгчиддээ танилцуулжээ. Ингээд эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ОНЦЛОХ 18 өөрчлөлийг нэрлэж байна.

НЭГ. Монголд анх удаа 21 аймгаас цахимаар эмчид үзүүлэх цагаа захиалдаг болсон

Өмнө нь үйлчлүүлэгч хөдөө, орон нутгаас УНТЭ-ийн эмчид үзүүлэх цаг авах гэж Улаанбаатарыг зорьж, шаардлагатай хоногоор нь хүлээдэг байсан. Энэ хүндрэл, чирэгдлийг бууруулахын тулд УНТЭ цахим системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, улмаар 21 аймгийн хоёрдугаар шатлалын эмнэлгээс шууд цахимаар үзүүлэх цагаа захиалан үйлчлүүлдэг болсон. Монголдоо анх удаа нэвтрүүлсэн энэхүү үйлчилгээний ачаар иргэд, үйлчлүүлэгчид хүлээгдэл, чирэгдэлгүй захиалсан цагтаа ирж үзүүлэх боломж бүрдсэн юм.

ХОЁР. Үйлчлүүлэгч хурууны хээгээрээ дамжуулан шинжилгээнийхээ хариуг киоск машинаас авдаг болсон

УНТЭ нь ухаалаг системийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд үйлчлүүлэгчийн хурууны хээг цахим бүртгэлд бүртгэх төвлөрсөн системийг нэвтрүүллээ. Үйлчлүүлэгч хурууны хээгээ уншуулаад киоск машинаас шинжилгээнийхээ хариуг хугацаа алдалгүй, шуурхай, хялбар аргаар авах боломжтой болсон. Энэхүү цахим системийг нэвтрүүлснээр шинжилгээ олгох хугацаа хоёр дахин буурч, хүлээгдэл, чирэгдлийг бодитоор бууруулж чадсан юм.  

ГУРАВ. Амбулаторын тусламж үйлчилгээг өргөжүүлж, хүлээгдлийг буурууллаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь иргэдэд илүү хурдан шуурхай, найдвартай үйлчлэх үүднээс Амбулаторийн  тусламж үйлчилгээг өргөжүүлэн зөв менежментээр хүлээгдлийг 84 хувиар буурууллаа. Өөрөөр хэлбэл тус эмнэлгийн амбулаторын үйлчилгээг авах гэж дунджаар  21 хоног хүлээдэг байсан бол одоо дунджаар гурван хоногийн дотор цаг авсан эмчдээ үзүүлдэг болсон юм. Энэхүү менежментийг хийснээр 2019 онд тус эмнэлгийн амбулаториор 147 мянган үзлэг хийгдсэн бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар 140 мянган үзлэг хийгдээд байгаа аж. Илүү хүртээмжтэй, олон хүнд үйлчлэх боломж бүрджээ.

ДӨРӨВ. “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг эхлүүллээ

УНТЭ-ээс “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг эхлүүлж, хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд  Багануур,  Хан-уул  дүүрэг, Баянхонгор,  Хэнтий, Өмнөговь, Ховд аймгуудын эмч, мэргэжилтнүүдийг  чадавхижуулж,  төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Цаашид уг төслийг илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн аж.

ТАВ. Эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүллээ

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагдсан бөгөөд хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг тасаг юм. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой ачааллаа дийлэхгүй, очер дараалал их үүсдэг байв. Тиймээс энэ онд тус тасгийн  хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 9 ортой байсан тасгийг 18 ортой болгон, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн ханган, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. 

ЗУРГАА. Яаралтай тусламжийн тасгийн ажиллах хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүллээ

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд эмнэлгийн хамгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх “Яаралтай тусламжийн тасаг”-ийн ажиллах хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үйлчлүүлэгчид шаардлагатай оношлогоо , шинжилгээг газар дээр цогцоор, яаралтай хийдэг боллоо.

ДОЛОО. Улсын хэмжээний “Сургалтын төв”-ийг байгууллаа

УНТЭ-ээс эрүүл мэндийн салбартаа төрөлжсөн сургалтын төвийг байгууллаа. Уг төв нь төрөлжсөн номын сан болон гардан үйлдлийн сургалтын хэсгийг багтаасан байна. УНТЭ-ийн хувьд сургалтын жишиг эмнэлэг учраас тус шинээр байгуулагдсан сургалтын төв дээр бүх талын эмч, мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэх аж. Сургалтын хөтөлбөрийг олон улсын чанар, стандартад нийцэхүйц боловсруулан бэлтгэж, тусгай  хөтөлбөртэйгээр чанартай, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд энэхүү төв чухал нөлөө үзүүлэх юм.

НАЙМ. Нийслэлд 2 дахь “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгууллаа

Олон улсын судалгаагаар 800 мянган хүн ам тутамд нэг “ зүрхний шигдээсийн нэг” үйлчилдэг байна. Гэтэл Улаанбаатар хот 1.5 сая хүн амд нэг зүрхний шигдээсийн төв ажиллаж байсан бол УНТЭ бодлогоор ажил болгож, “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг 10 ортойгоор өөрийн эмнэлэг дээрээ байгууллаа. Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болсон. Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрхний шигдээсийн өвчнийг эмчлэх, цогц арга хэмжээ авах төв болж байгаа юм.

ЕС. Мэдрэлийн мэс заслын төрлийг нэмэгдүүлж, Мэдрэлийн эмнэлзүйн төв цогц үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Мэдрэлийн эмнэлзүйн төв нь цогцоороо үйл ажиллагаагаа явуулдаг боллоо. Энэ төрлийн хүний нөөцийн дутагдалыг арилгах, шинээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг болж байна. Одоо тус төв нь гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг хот болон 21 аймгийн хүн амд мэргэжлийн болон эрдмийн цол зэрэг бүхий эмч нар мэдрэлийн тусламж үзүүлж, орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг оношлогоондоо ашиглаж байна. Үүнээс гадна Мэдрэлийн мэс заслын төрлийг нэмэгдүүлж, мэдрэлийн эмнэлзүйн төв цогц үйл ажиллагаа явуулснаар салбартаа энэ төрлийн ачааллыг үүрэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаа юм.

АРАВ. Дурангийн оношлогоо, эмчилгээг цогцоор олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хийдэг боллоо

Дурангийн оношлогоо, эмчилгээг  цогцоор нь олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн, халдвар, хамгааллын дэглэмийн дагуу өргөжүүлэн бүрэн засвар хийж тохижуулав. Дуран нь хүний биед ороход халдвар авах эрсдэл өндөр учраас халдвар хамгааллыг сахих зорилгоор иж бүрэн шинэчлэлтийг хийлээ. УНТЭ нь улсын хэмжээнд дурангийн оношилгоо, эмчилгээг хийдэг гол төв нь юм. Тиймээс дурангийн оношилгоо, эмчилгээний төв болгон өргөжүүлж, шинэчиллээ.

АРВАН НЭГ. Дотор болон мэс заслын эмнэлзүйн зөвлөл байгуулж, хэвтэн эмчлүүлэгчийн орны хүлээгдлийг 3 дахин буурууллаа

УНТЭ нь Дотор болон мэс заслын эмнэлзүйн зөвлөл байгуулж,  дотрын нэгдэсн төвийг байгуулсан. Энэхүү зохион байгуулалт, төлөвлөлтөөрөө дамжуулан нийт 140 орны хэвтэлт гаралтын нэгдсэн системийг бий болгож, хэвтэн эмчлүүлэгчийн орны хүлээгдлийг гурав дахин бууруулсан юм.

АРВАН ХОЁР. 12 ортой тусгаарлах хэсгийг байгууллаа

УНТЭ нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах зорилгоор 12 ортой тусгаарлах хэсгийг байгууллан ажиллаж эхэллээ. Ингэснээр цар тахлын үед сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй тусгаарлах бүрэн боломжтой боллоо.

АРВАН ГУРАВ. Хоёр талт эмийн сан буюу амбулаторын үйлчлүүлэгчдэд зориулсан эмийн санг Монголд анх удаагаа ашиглалтад орууллаа

УНТЭ нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторын эмийн сан”-г Монголд анх удаа ашиглалтад орууллаа. Өмнө нь өвчтөн эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо хоёр талт буюу амбулаторын эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Мөн үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний цахим мэдээллийн дата үүсч, эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болох юм.

АРВАН ДӨРӨВ:  Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны жишиг төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа. Тус төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.

АРВАН ТАВ. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хэрэгжүүлж, эмч ажилчдад хандлагын 10 хувийн нэмэгдэл олгож эхлэв

УНТЭ эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийн нийт 810 ажилтанд хэрэгжүүлж эхэлсэн. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшуулал авч, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй юм.

АРВАН ЗУРГАА. Монголд анх удаагаа эмнэлзүйн ховор тохиолдлын Анхдугаар чуулганыг зохион байгуулав

УНТЭ нь салбартаа анхдагч, ууган эмнэлгийн хувьд “Эмнэлзүйн ховор тохиолдол”-ын анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулж, улсын хэмжээнд ховор тохиолдох эмгэгүүдийг эрт хугацаанд зөв оношлох,  эмнэлзүйн ховор тохиолдлын  нэгдсэн  сан үүсгэх суурийг тавилаа. Энэхүү чуулганаар ирсэн бүх эрдэм, шинэжилгээний материалуудыг гарын авлага болгон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдэд өгөх юм. Энэ нь салбарын эмч, мэргэжилтнүүдэд ховор тохиолддог өвчин, эмгэгийн талаар ойлголт, мэдээлэл, сургалт өгөх чухал ажил юм.

АРВАН ДОЛОО. Лаборатори, амбулатори, эргэлтийн хэсэг болон эмнэлгийн гадна талбайг  засварлан шинэчилэв

Нийт үйлчлүүлэгчдэд болон эмч эмнэлгийн ажилчдад ээлтэй орчин бүрдүүлж, хурлын заал, лаборатори, амбулатори, эргэлтийн хэсэг, эмнэлгийн гадна талбай зэрэг  4000 м2 талбайг засварлан шинэчиллээ. УНТЭ нь 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болохын төлөө эмнэлгийн орчин, стандартыг иж бүрэн цогцоор нь ажиллаж байна.

АРВАН НАЙМ. УНТЭ-т нэг жилийн хугацаанд нэвтрүүлсэн эмчилгээний шинэ технологиуд

  • Тархины үхэлтэй донороос яс болон шөрмөсийг шилжүүлэн суулгах
  • Өвдөг үений мөрний дурангийн мэс засал
  • Бамбай булчирхай дурангаар авах
  • Хамрын таславчын цоорхой нөхөн сэргээх,
  • Хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах,
  • Тархины хавдар авах мэс засал,
  • Үрийн суваг залгах мэс засал,

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...