БНХАУ-ын Өвөрмонголын малчдын нөхөрлөл өөрсдийн гараар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж болох сүүн саван, монгол кофе, сүү, маск, ариутгалын шингэн гэх мэт 110 мянган юанийн өртөг бүхий эд зүйлсийг “COVID-19”-тэй тэмцэж буй ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын багт бэлэглэжээ.
Өнгөрөгч хавар цуглуулсан тэрхүү бэлгийн эд зүйлс ӨМӨЗО дахь Монгол Улсын консулын газарт хадгалагдаж байгаад өнөөдөр эздийнхээ гарт хүрч байгаа юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол хаан” олон улсын худалдааны группийн “Монгол хаан” нийгэмлэгийн гишүүн малчдын нөхөрлөлийн сэтгэл шингэсэн энэхүү бэлгийг Монгол Улсад халдвартай нүүр тулан тэмцэж байгаа баг хамт олонд гардуулах ёслол өнөөдөр ХӨСҮТ-д боллоо. “Монгол хаан” худалдааны нийгэмлэг нь хөдөөгийн малчдыг зах зээлтэй холбох чиглэлээр дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд тэдний гишүүнчлэлтэй малчдын нөхөрлөл нь хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Монгол Улсад цар тахал бүртгэгдсэн цагаас эхлэн өвөрмонголчууд сэтгэл чилээн зовниж, тусламжийн гараа сунгасаар байгаа билээ. Энэ удаагийн тусламж жинхэнэ малчны хотноос төрсөн брэндүүд бүхий сэтгэл шингэсэн бэлэг ажээ.