Худаг гэдэг монгол үг хятад руу орохдоо “Хутун” болж энэ нь эргээд монгол руу “Гудам” гэдэг үг болон хувирч ирсэн хэл шинжлэлийн сонирхолтой баримт байдаг. Хутун гэдэг нь маш нарийн гудмаар тусгаарлагдсан, бие биетэйгээ залгаа шавар байшингууд юм. Юань гүрний үед Хубилай хаан орд өргөөгөө нүүлгэн Бээжинд ирж нийслэллэх үес тухайн хот ундны усаар дутмаг учир газар сайгүй худаг ухуулж гүний ус ашиглах болжээ. Чухам тэр үеэс л худгаа тойрч бөөгнөрөн амьдрахын эхлэл тавигдсан бөгөөд “Би энэ худгийнх, би тэр худгийн хүн” гэж ярьцгаадаг байснаас “Худаг” гэдэг монгол үг мухар нарийн гудамжны нэр болон хувирч хятад үгийн санд орсон гэдэг. Энэ талаар БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, амьдарч буй, CCTV-ийн мэргэжилтэн, сэтгүүлч Б.Занданхүүгийн влогийг толилуулж байна. Тэрбээр “Зандаагийн 3 минут” влогоороо таван настай бяцхан охин Индранилынхаа хамт аялж, өмнөд хөршийн соёл, урлаг, ахуй амьдрал, зан заншил, аж байдалтай танилцсан талаараа сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг юм.