Хойд Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны 14-р хурал Пхеньян хотод болжээ. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд командлагч Ким Жон Ун уг хурлыг даргалж цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар голчлон ярилцсан байна.
Ким Жон Ун хэлэхдээ, “COVID-19”-ийн эрсдлийг бууруулах хэтийн төлөв тодорхойгүй байгаа тул өндөр хэмжээнд сонор сэрэмжтэй байж, халдвараас сэргийлэх ажлыг чанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс бүгээс төсөөлшгүй, буцааж нэхэхийн аргагүй амь насны хүнд эрсдэлд учрах болно хэмээн анхааруулжээ.
Хойд Солонгос “COVID-19”-ийн халдварын эсрэг удирдлагын чанга хатуу арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлсэн орнуудын нэг юм. Тус улс “Яаралтай тусламжийн эрүүл мэнд, халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний систем”-ийг хагас жил орчим хэрэгжүүлсээр иржээ. Одоогийн байдлаар Хойд Солонгост Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
Цар тахлын үеэр хилээ хаах, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийх, амны хаалт зүүхийг иргэддээ шаардах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж Хойд Солонгосын Үндэсний онцгой байдлын комиссын гишүүн, Эрүүл мэнд, хорио цээрийн үндэсний хүрээлэнгийн захирал Пак Мин Шоу, Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярьжээ.