Thursday, January 8, 2026

Зохиолч Наранхүүгийн Пүрэв “Нүнжиг”-ээ уншигчдадаа дэлгэлээ

Date:

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Наранхүүгийн Пүрэвийн өгүүллэг, найруулал, тууж, жүжиг, хөрөг дурсамжийн “Нүнжиг” номын нээлт Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд боллоо. Номын нээлтийн ёслолд Наранхүүгийн Пүрэв зохиолчийн үзэг нэгт зохиолч нөхөд, уран бүтээлийн андууд, уншигчид, дэмжигчид, төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхан болон ах дүү, төрөл садангийнх нь төлөөлөл хүрэлцэн ирж, сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэв.

Наранхүүгийн Пүрэв найрагч Монголын яруу найргийн 1990-ээд оны шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан Өвөрхангайн “Жиг дуун” бүлгэмийн гишүүн бөгөөд реалист бус чиглэлээр туурвиж, “Согтуу өвс”, “Пи ором” , “Он цаг ба цэг, Хүн цаг ба таслал “, “Үзэгний дасгал” ,”Санаа алдахад өвс сульдана “ зэрэг яруу найргийн номууд хэвлүүлжээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр “Сэтгэлийн наран жаргадаггүй” \2023 он\ тууж , “Гайхмаар сүртэй явдал” \2023 он\ романаа уншигчдын хүртээл болгосон байна.

Зохиолч, яруу найрагч Наранхүүгийн Пүрэвийн уран бүтээлийн тухай Соёлын гавьяат зүтгэлтэн Нацагийн Даваадашийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна.

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ НАРАНХҮҮГИЙН ПҮРЭВИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Өвөрхангай аймгийн төвд Наранхүүгийн Пүрэв гэдэг авъяаслаг яруу найрагч , зохиолч амьдардаг. Түүнийг монголын уран зохиолын хүрээнийхэн мэднэ. Намайг анх 1986 онд сумаас шилжин ирж аймгийн төвд суурьших үед уран зохиол сонирхогч залуучуудаас хамгийн түрүүнд дэвтэр дүүрэн шүлэгтэй ирж танилцсан нь На.Пүрэв юм. Түүнээс хойш бид хоёрын уран бүтээлийн харилцаа тасарсангүй.

На.Пүрэв бол төрөлхийн авьяастай яруу найрагч. Тэр их, дээд сургууль төгсөж, элдэв “ИЗМ”-ийн салхинд оролгүй, өөрийн билиг чанараар орчлонг “нээж”, авьяасаараа тодрон гарч ирсэн цөөхөн яруу найрагчийн нэг.

На.Пүрэвийн яруу найрагчийн авьяас бага ангид байхаас нь тодорсон ч цаг үе, амьдралын нөхцөл байдлаас болж төдий л анзаарагдахгүй явсаар 1980-аад оны дунд үеэс хүчтэй тодорч, утга зохиолын хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэрээр аймгийн утга зохиолын дугуйлангийн ахмад уран бүтээлчидтэй танилцаж улмаар 1990 онд уран зохиол, урлагийн шинэ урсгал чиглэлийг эрхэмлэгч залуу уран бүтээлчдийн “Жиг дуун” бүлгэмийн гишүүн болсон нь түүний уран сайхны сэтгэлгээнд эргэлт гаргасан гэж болно. Ингэснээр На.Пүрэвийн уран сайхны сэтгэлгээ эрс төгөлдөржиж, туурвил зүйн шинэ эрэлхийллийн замд орсноор 1996 онд “Согтуу өвс” хэмээх номоо хэвлүүлэн залуу яруу найрагчдын дунд шуугиан тарьж, тэдэнд уран сайхны дүрслэлийн цоо шинэ арга барилыг тунхаглаж чадсан билээ. Чухамдаа яруу найргийн тогтсон хэвшмэл сэтгэлгээг эвдэж, шинээр санаж сэрэх сэдлийг өгсөн хэрэг. Тэрхүү шүлгийн жижигхэн номыг уншсан бүхэн мэднэ. Тухайлбал, На Пүрэв “Онгод” хэмээх шүлэгтээ

Нулимс халтирсан хар нүд рүү минь

Морьтой хүүхэн давхин орлоо

Хар нүдэн дээр минь морин туурай халтирсангүй

Хадан хавцал шиг зовхи минь морь хавчиж цавчилсангүй

Морь унасан бүсгүй нүдэн дотор минь шүлэг уншина

Мориныхоо сүүлтэй холилдон сул асгарсан гэзгээ

Миний зүрхэн дээгүүр чирч явна… хэмээн хуучин сэтгэлгээний хэв маягийн эвдэж улмаар өөрийн ертөнцийн “яс мод”-ыг зангидаад ,

Дэнгийн эрвээхий хөөрхий галд хайртай амьтан

Дэнгийн гэрэлд тос нэмээд гэрэл болдог амьтан

Гэрт минь илч нэмэх гэж шатсан согтуу амьтан

Сүүдэр нь дэнгийн гол болсон гал амьтан … гэж утгын чинад руу алхам хийж,

…Гуйлгачинд өгөх мөнгөгүй бол алга руу нь бүү нулим

Чиний тансаг амьдрал маргааш цэцэг шиг хагадарч мэднэ

Алгын нь нулимсан гуйлгачин цэцэг шиг дэлгэрч

Аз нь үхсэн чамаар хөрсөө бордож мэднэ хэмээн орчлонгийн жам ёсыг өвөрмөцөөр тайлж ариусал нигүүслийн үрийг цацаж байв. Энэ мэт нь улаан суртлаас дөнгөж салж байсан 1990-ээд оны эхэн үеийн уран зохиолын туурвил зүйд шинэ үзэгдэл байлаа.

Ийнхүү уран зохиолын их замд ганзагатай орж ирсэн На.Пүрэв уран сайхны эрэлхийлэл ямагт хийж сэтгэлгээгээ задалж, ур чадвараа дээшлүүлсээр “Согтуу өвс” номынхоо дараа “Пи ором” , “Он цаг ба цэг, Хүн цаг ба таслал“, “Үзэгний дасгал”, ”Санаа алдахад өвс сульдана “ зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлж Монголын яруу найрагт шинэ түрлэг нэмсэн юм. Ялангуяа “Он цаг ба цэг, Хүн цаг ба таслал“ ном нь На.Пүрэвийн уран бүтээл өсөлт хөгжилт, туурвил зүйн олон талт байдал, ур чадварыг харуулсан жин дарах бүтээл болсон билээ .

Уулын номын өмнөтгөлд СГЗ, нэрт зохиолч Санжийн Пүрэв “Этгээд атлаа энгийн, энгийн үү гэвэл эргэцүүлж бодох юмтай номыг бид эрэлт хэрэгцээгээ болгосон болохлоор “Он цаг ба цэг, хүн цаг ба таслал” хэмээх энэ ном ухаарлын ном болсон авай” хэмээн тэмдэглэсэн бол СГЗ, нэрт яруу найрагч Ж.Баяржаргал “Монгол шүлэглэл дэх зохист бадаглал үгүй, толгой сүүлийн холбоцгүй , бас хөгжимлөг, дотоод ид шидтэй , өөрөөр хэлбэл туйлын өвөрмөц экзистенциалист туурвилын анхны шанг На .Пүрэв дурайтал татсан юм. Тэр цагаас хойш 16 жил өнгөрлөө… Домог амилах мэт тэр эргэж ирэв “ хэмээн 2006 онд дуу алдан үнэлсэн байна. Эдгээр нь мэргэжлийн уран зохиолчдын гуйвшгүйн үнэн үнэлгээ юм. Үнэхээр энэ номд орсон шүлгүүд нь утга агуулгын хувьд гүнзгий , дүрслэлийн хувьд хуучин хэв маягийг бүрэн орхиж, цоо шинэ сэрэл мэдрэмжийг төрүүлэх цогц чанартай болсон байлаа. Тухайлбал:

Төрсөн цагаас үхэл рүү

Дөхөж яваа насаа

Өслөө гэж эндүүрсээр

Өнийн явдлаас холдож байна хэмээн хүний амьдралын өнгөндөө гэнэн мэт аястай чинад гүн ухааныг нээснээ,

Гадаа өнжсөн бага насны

Гар дээр ургасан сайрнаас

Ногоо ургатал үүр цайдаг гэж болзолт орчлонгийн дотоод гүн холбоо хамаарлыг сонин содон дүрслэлээр илэрхийлсэн нь бий. Энэ мэтээр шүүн үзвэл уул номын уран сайхны боловсруулалтын талаар олон зүйлийг бичиж болно. Ер нь На.Пүрэвийн яруу найраг уран сайхны сэтгэлгээний олон талт шавхагдашгүй ундаргатай хүн .

Яруу найрагч На.Пүрэвийн энэхүү номыг Хятадын яруу найрагч Ли Сүн гэдэг эмэгтэй хятад хэлэнд хөрвүүлж, өмнөх үг бичин хэвлүүлсэн түүхтэй.

На.Пүрэв маань энэ хугацаанд шүлгээ бичиж , яруу найргийн номоо хэвлүүлэхийн зэрэгцээ 2015 оноос Монголын Радиогийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж 5000 орчим хөрөг найруулал бичиж “Хөргийн Пүрэв” гэдэг алдрыг зүүсэн юм. Хөрөг найруулал бичнэ гэдэг нь өгүүллэг, тууж туурвихтай эн зэрэгцэх ажил бөгөөд сэтгүүлчдийн том “арми” ажилладаг энэ айлд үүгээр мэргэжсэн сэтгүүлч нар олон ч На.Пүрэв туурвилаараа тэднийг ардаа орхисон. Монголын Радиогийн сонсогчдоос хэдэн зуун мянга хүн Пүрэвийн хөрөг найруулалд ховсдуулж байна. Энэ бол түүний бүтээлийн эрч хүч , эрдэмлэг чанар, шид юм. Ингэж хөгжүүлж , хөөцөлдөж олж авсан урлах эрдэмдээ тулгуурлан баримтат тууж , роман туурвиж эхэлсэн нь Пүрэвийн уран бүтээлийн 3 дахь “аян “ гэж болно.

“Сэтгэлийн наран жаргадаггүй” \2023 он\ тууж , “Гайхмаар сүртэй явдал” \2023 он\ роман нь На.Пүрэвийн сүүлийн 10 жилийн буюу үргэлжилсэн үгийн төрлөөр дагнан туурвиж ирсэн он жилүүдийн нь тайлан юм. Эдгээр нь хэдийгээр баримтат уран зохиолын бүтээлүүд боловч зохиомж , дүрслэл , уран сайхны “ нээлт”, хэл найруулгын донж маягаараа өөрийн гэсэн өнгө аястай, уншигчдын анхаарал татах бүтээлүүд болж чадсан . Тэдгээрийн оршилд СГЗ, зохиолч С.Мөнхдалай “Ийм дорвитой бүтээлүүд туурвисан зохиолч, яруу найрагч На.Пүрэвт наанадаж Д.Нацагдоржийн шагнал олгох хэрэгтэй” гэсэн санааг оруулсан нь сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш, аливаа зохиолын чанар чансааг сайн мэддэг ахмад уран бүтээлчийн үнэлгээ юм.

На.Пүрэвийн уран бүтээлд энэ мэт үнэлгээ өгөх зохиолч, судлаач олон бий. На.Пүрэв бол Монголын уран зохиолын хүрээнийхэнд болон ард олонд бүтээлээрээ бүрэн танигдсан хүн.

Сайн үйлс дэлгэрч , өлзий хутаг орших болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...

Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн...

Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт...