БНХАУ-ын үндэсний болон бүс нутгийн хөгжлийн стратегид онцгой байр суурь эзэлдэг инженерийн дэд бүтцийн хамгийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хонконг-Жухай-Макао хотуудыг холбосон 55 км урт гүүр юм.
Тус төсөл хэрэгжихээс өмнө гурван хотын хоорондын ачаа тээвэр, зорчигчдын хөдөлгөөн голчлон далайн замаар явагддаг, цаг хугацаа их шаарддаг бөгөөд цаг агаарын нөхцөлөөс ихээхэн хамааралтай байсан нь тээвэр, логистикийн хөгжилд хүндрэл учруулж байв. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн тээвэр-логистикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор гүүний төслийг төлөвлөж, барилга угсралтын ажлыг 2009 онд эхлүүлэн, 2018 онд ашиглалтад оруулжээ.
Тус гүүр нь далай дээгүүрх гүүр, далай доорх туннель, хиймэл арлуудаас бүрдсэн хосолмол дэд бүтэц бөгөөд нийт урт болох 55 км-ийн хүрээнд 22.9 км нь гүүрэн байгууламж, 6.7 км нь далайн доорх туннель, үлдсэн хэсэг нь хиймэл арлууд болон холбогдох авто замын байгууламжаас бүрддэг. Газар хөдлөлт, далайн хар шуурга тохиолдох, хөлөг онгоцны осол зэргийг тооцоолж барьсан тул энэ гүүрийг дэлхийн хамгийн найдвартай гүүр гэж нэрлэж болно. Том оврын хөлөг онгоцыг нэвтрүүлэхийн тулд гүүр нь дундуураа 6.7 км усан доогуур хонгилоор явдаг байна.
Томоохон дэд бүтцийн төслүүдийн нэгэн адил Хонконг–Жухай–Макао гүүр нь хэрэгжилтийн хугацаанд олон хүндрэл сорилтуудтай тулгарсан бөгөөд эдгээрийг Хятадын инженерүүд болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран даван туулж шийдвэрлэсэн.
1. Инженерийн болон геотехникийн эрсдэл:
Сувдан мөрний бэлчирийн бүс нь газар зүйн хувьд тогтворгүй, зөөлөн сул шаварлаг хөрстэй, хүчтэй далайн урсгалтай, далайн хар шуурга тохиолдох эрсдэл ихтэй, олон улсын далайн тээврийн эрчим өндөр бүсэд байрласан нь гүүрний суурь байгууламжийг тогтвортой барихад томоохон инженерийн сорилт болж байв. Барилга угсралтын үед далайн ёроолын суулт, усан доорх суурийн тогтворгүй байдал гэх мэт асуудал нь Хятадын дэд бүтцийн хамгийн ярвигтай төслүүдийн нэгт тооцогдож байна.
– Шийдэл:
Эдгээр инженерийн сорилтыг даван туулахын тулд төслийн хүрээнд далайн ёроолын хөрсний суултыг бодит хугацаанд хянах геотехникийн мэдрэгч бүхий мониторингийн систем, давсжилт, зэврэлтийн нөлөөнд тэсвэртэй тусгай найрлагатай бетон, гүн суулгалттай ган хоолон суурийг хослуулан ашигласан. Үүний үр дүнд гүүрний барилга угсралтад нийт ойролцоогоор 420,000 тонн ган ашигласан нь 60 орчим Эйфелийн цамхаг барих хэмжээтэй тэнцэх их хэмжээний материал зарцуулсан томоохон инженерийн төсөл болсныг илтгэнэ. Мөн олон мянган инженер, техникийн ажилтан, барилга угсралтын компани ажилласнаар Хятадын дэд бүтцийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй инженер, хүний нөөцийг дайчилсан ажил болсон.
2. Санхүүгийн эрсдэл:
Төслийн анхны төсөв ойролцоогоор 18 тэрбум ам.доллароор тооцоологдож байсан боловч, 9 жилийн хугацаанд үргэлжилсэн барилга угсралтын явцад олон захиргааны бүсийг хамарсан зохион байгуулалт, далайн ёроолын геологийн хүндрэл, далайн доорх туннель болон хиймэл арлуудын нэмэлт инженерийн шаардлага, түүнчлэн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалалтын арга хэмжээнүүд нэмэгдсэнээр нийт зардал 20 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.
– Шийдэл:
Эдгээр санхүүгийн эрсдэлийг бууруулахын тулд БНХАУ-ын Засгийн газар болон орон нутгийн хамтарсан санхүүжилтийн бүтцийг үе шаттай шинэчилж, Хонконг, Макао, Жухай хотуудын оролцоотой нэгдсэн хөрөнгө оруулалтын сан, төрийн дэмжлэгтэй урт хугацааны зээл, баталгааны схемүүдийг ашиглан төслийг бүрэн зогсохоос сэргийлж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн нөхцөлийг хангаж чадсан.
3. Үйлдвэрлэлийн ослын эрсдэл:
Ажилчдын аюулгүй байдал барилга угсралтын ажлын явцад гарсан ослууд мөн төслийн нэг том эрсдэл байв. Уг төсөл нь осол, нас баралт, живэлт гэх мэт ослын тоогоор өндөр төслийн нэгт тооцогдож байсан.
-Шийдэл:
Эрсдэлийг бууруулахын тулд төслийн хүрээнд онцгой байдлын төлөвлөгөө, галыг илрүүлэх ба унтраах автомат систем, 24/7 хяналтын систем, мөн ослын үед шуурхай аврах далайн баг, тусгай техник, эмнэлгийн бэлэн байдлыг нэвтрүүлж, барилгын аюулгүй ажиллагааны стандартыг шинэ түвшинд тогтоосон.
4. Байгаль орчны эрсдэл
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, барилга угсралтын ажлаас үүдэх далайн экосистемд үзүүлэх нөлөөлөл, мөн орон нутгийн иргэд, байгаль хамгааллын байгууллагуудын санаа зовнил нь төслийн хэрэгжилтийн нэг томоохон бэрхшээл байв. Ялангуяа Сувдан мөрний бэлчир бүс нь Хятадын ховор төрлийн цагаан дельфиний амьдрах чухал орчин бөгөөд барилгын дуу чимээ, усан доорх доргилт, далайн тээврийн хөдөлгөөний нэмэгдэл нь экосистемд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байв.
– Шийдэл:
Засгийн газар байгаль орчны үнэлгээний олон шатлалт тогтолцоог нэвтрүүлж, усны чанар, дуу чимээ, далайн биологийн мониторингийг тасралтгүй явуулсан. Барилгын ажлыг улиралтай уялдуулан үе шаттай гүйцэтгэж, дуу чимээг бууруулах технологи ашиглах, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой нээлттэй зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулснаар нийгмийн эсэргүүцлийг бууруулж, төслийн хэрэгжилтийг саадгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
5. Үйл ажиллагааны болон эдийн засгийн эрсдэл:
Гүүр ашиглалтад орсны дараах эхний жилүүдэд хөдөлгөөний бодит хэмжээ төлөвлөсөн багтаамжаас доогуур байсан бөгөөд хил, гаалийн нэвтрэх журам, автомашины зорчих хязгаарлалт, бүс нутгийн уялдаа холбоо бүрэн төлөвшөөгүй байснаар уг дэд бүтцийн эдийн засгийн өгөөж бүрэн хэрэгжихэд саад болж байв.
– Шийдэл:
Хонконг–Жухай–Макао гүүрийг ашиглалтад оруулснаар бүс нутгийн интеграцийн бодлоготой уялдуулан хил, гаалийн ухаалаг системийг нэвтрүүлж, тээврийн зохицуулалтыг үе шаттай сайжруулсан. Үүний үр дүнд зорчих урсгал тогтвортой өсөж, логистик, аялал жуулчлал, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо бэхэжсэнээр дэд бүтцийн ашиглалтын үр өгөөж урт хугацаанд нэмэгдсэн.
Гүүр ашигласнаар Хонконг–Жухай хоорондын зорчих хугацаа 3 цаг орчмоос 30–45 минут болж богиносож, өдөр тутмын зорчих болон ачаа тээврийн урсгал тогтмол өссөн. Мөн өмнө нь ашиглагдаж байсан далайн тээвэр болон тойрч зорчих авто замын хэрэглээ буурснаар жилд их хэмжээний CO₂ ялгарлыг багасгаж, байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна.
Хонконг– Макао, Жухай хотыг холбосон гүүр нь Хонконг, Макао, Жухай хотуудын эдийн засаг, аялал жуулчлал, логистикийн уялдаа холбоог эрс сайжруулж, хөдөлмөрийн зах зээлийн нэгдэл, бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлсэн. БНХАУ-ын бүс нутгийн хөгжлийн урт хугацааны стратегид бодит үр өгөөж үзүүлж байна.
Хонконг–Жухай–Макао гүүрний туршлага нь ирээдүйн томоохон дэд бүтцийн төслүүдэд чухал сургамжийг үлдээсэн.
• Далайн ёроолын хөрсний бүтэц, суулт, тогтвортой байдлыг нарийвчлан судлах зэрэг геотехникийн эрсдэлийг урьдчилан үнэлэх нь гүүр, туннель, хиймэл арал зэрэг томоохон байгууламжийг найдвартай барих суурь нөхцөл болдог.
• Олон жилийн хугацаанд үргэлжлэх төсөлд аюулгүй ажиллагааны стандартыг өндөр түвшинд тогтмол мөрдөх нь хүний нөөц, тоног төхөөрөмж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл болдог;
• Байгаль орчны үнэлгээ, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хүлээлт, эсэргүүцлийг зөв удирдах, төслийн хэрэгжилтийг саадгүй үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй;
• Томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зөвхөн барилгын явцад бус, ашиглалтын үе шаттай уялдуулан системтэй төлөвлөх нь төслийн урт хугацааны эдийн засгийн үр өгөөжийг хангах гол тулгуур болдог.

