Монголын Буриадын төв холбооны ерөнхийлөгч Д.Баттулга ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Монгол Улстай харилцах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичтэй уулзаж, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар Монголын Буриадын төв холбоо ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улстай соёл, боловсрол, хөдөө аж ахуй, бизнес зэрэг салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөөц бололцоо, хэрэгцээ шаардлага хийгээд ойрын үед хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодорхой саналууд дэвшүүлж, ажил хэрэг болгохоор тохиролцжээ.
Тухайлбал, ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад Монгол Улсын буриад сумдын 40-60 оюутныг хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил болон орос хэлний багш мэргэжлээр тэтгэлэгтэйгээр сургах, Буриадаас орос хэлний багш нарыг Монголд урьж, тус улсын их, дээд сургуулиудын талаар танилцуулга, мэдээлэл хийлгэхээр болжээ. Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт технологио хуваалцах, хөрөнгө оруулалт хийх зэрэг бүхий л чиглэлд гүүр болж, холбож ажиллах талаар ярилцсан байна.
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад хэвлэгддэг “Агро сууц” сэтгүүлийг Монгол улсад хэвлэн гаргах, уг сэтгүүлээр дамжуулан малчид, бизнес эрхлэгчдэд хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, ноу хау, шинэ соргог мэдээллийг түгээх тохироонд хүрчээ.
Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Үүнд тэнцэх мэргэжил, мэргэшилтэй залуусыг урьдчилан бэлтгэх, сургах тал дээр дэмжлэг үзүүлэхээ сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич илэрхийлжээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 22-нд ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үд хотноо “Алтаргана-2026” наадмын бэлтгэл ажлын талаарх уулзалтад Монголын Буриадын төв холбооны удирдлага, төлөөлөгчид оролцохоор болсон байна.
Дээрх ярилцсан ажил хэргээ албажуулах, цаашид тогтвортой хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд Монголын Буриадын төв холбооны Ерөнхийлөгч Д.Баттулга, Буриадын бүгд найрамдах улсын Монгол Улстай харилцах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохирчээ.



