Tuesday, June 3, 2025

Д.Ганчөдөр: Биет бус өвөө сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулж байна

Date:

Хэрлэн сумын Соёлын төв үзвэр, үйлчилгээ, уралдаан тэмцээнгүй өнжинө гэж үгүй. Энэ өдрүүдэд л гэхэд олон уралдаан тэмцээний зэрэгцээ Түүхэн бахархалт соёлын өв аяны хүрээнд  видео контентууд бэлтгээд тун завгүй байгаа аж. Тэдний бэлтгэсэн бүтээлүүд цахим орчинд түгээгдэж бахархалт өв соёлоо сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Соёлын төь Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт дуучин Н.Төмөрхуягийн нэрэмжит болоод удаагүй байна. Ингээд тус Соёлын төвийн дарга, МУСТА, “Алтангадас” одонт, Мужиг овогт Даржаагийн Доржсамбуугийн Ганчөдөртэй ярилцсанаа  хүргэе.

-Түүхэн нутгийн бахархалт соёлын өв аян жил бүр болдог. Энэ жилийн онцлог нь юу вэ?

-Түүхэн нутгийн бахархалт соёлын өв аяны өнөө жилийн онцлог нь өгөгдсөн удирдамж чиглэлийн дагуу юнеско-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн өвүүдийг сурталчлан таниулахад оршиж байна.

-Танай соёлын төв энэ аянд өмнө нь ямар амжилттай оролцож байсан бэ?

-МУГЖ Намдагийн Төмөрхуягийн нэрэмжит Хэрлэн сумын соёлын төв 2023, 2024 оны Түүхэн нутгийн бахархалт соёлын өв аянд жил дараалан шилдэг соёлын төвөөр шалгарсан амжилттайгаар энэхүү аянд гурав дахь жилдээ оролцож байна. Манай байгууллагын хувьд улс аймаг бүсийн уралдаан тэмцээнүүдийг орон нутгийнхаа алдартнуудын алдар гавъяаг мөнхлөх, тэдний авьяас билгийг ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилгоор тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг. Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарыг алдаршуулах богино хэмжээний контент нэвтрүүлгүүдийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж цахим орчинд байршуулж сурталчлан таниулж байна.

-Хан Хэнтий бол эзэн богд Чингис  хааны төрсөн нутаг, Монгол төрийн голомт нутаг. Тиймээс бахархалт түүх арвин. Таны хувьд энэ их өвөөс юуг нь илүү түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна вэ?

-Чингис хааны төрсөн нутаг бол Их Монгол улсын гал голомт нутаг. Тиймээс бахархалт өв Хан Хэнтий нутаг маань арвин их. Түүхэн дурсгалт газрууд, их хааны домог түүх оршоосон түүхэн газар нутаг нэлээд бий. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулан түүхэн дурсгалт газруудаа түшиглэн энтэртайнмэнт цогц үйлчилгээг, тухайлбал ардын урлагийн тусгай хөтөлбөрт тоглолт үзүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шилдэг бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх сайхан нутгийг маань зорьж ирсэн гадаад, дотоодын жуулчдад тэр бүхнээ сурталчлан таниулж, худалдан борлуулах гээд хийх ажил арвин байна.

-Түүхэн нутгийн бахархалт өвийг сурталчлах, таниулах, хадгалахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Аливаа нэг асуудлыг зохион байгуулах, ач холбогдол өгч сэргээн засварлах, сурталчлах ажлыг хийхэд санхүүгийн хөшүүрэг маш чухал байдаг. Иймд бодлого тодорхойлогчид тухайн зардлыг  нэгж байгууллагын төсөвт суулгаж өгснөөөр энэхүү асуудал нэгж байгууллагын оролцоотойгоор ард иргэдэд шууд нөлөөлөх болов уу гэж бодож байна.

-Мартагдаж буй биет бус өв эвдэрч сүйтгэгдэж мэдэх өв Хэнтий нутагт хэр олон байна вэ?

-Хан Хэнтий нутаг нь хэзээнээсээ хурдан адууны өлгий нутаг. Ардын хувьсгалын эхэн жилүүдэд 6 насны айраг түрүүг бүгдийг нь авч байсан түүхтэй. Тийм ч болохоор хурдны өлгий нутаг Халхын Сэцэн хааны гол хошуу нутгийн хувьд адуу дагасан соёлыг эрхэмлэж, өв соёл, ёс заншилаа спортын төрлөөс салгаж авч үлдэх нь чухал гэж бодож явдаг. Жишээ нь, эрлийз адуу энэ цаг үед монгол адууны генийг өөрчилж, харь орноос харь адуу оруулж ирж эрлийлзүүлж, улс, аймаг, сумын наадамд уралдуулж, алдарт уяач хэмээх цол хэргэмийн төлөө дайтаж байгаа нь өөрөө энэ их өв соёлыг сүйтгэж буй гол шалтгаан ч байж мэднэ. Миний хувьд монгол адуугаа шүтдэг, дээдэлдэг. Монгол адуугаараа уралддаг монгол наадмаа хийгээсэй гэж хүсдэг.

Манай аймгийн хэмжээнд хэд хэдэн газарт хууль бус малтлага хийж түүхэн дурсгалт үл хөдлөх газруудыг хөндөж, унаган төрхийг нь алдагдуулсан асуудал нэлээд их гарч байна. Үүнийг таслан зогсоож, ард иргэддээ сурталчлан таниулах, зөв ойлгуулах ажлыг нэгж байгууллагууд түлхүү хийж анхааралдаа авах цаг нь болсон.

-Энэ жилийн аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-МУГЖ дуучин Н.Төмөрхуягийн нэрэмжит “Тээвэрчид дуулж байна” нээлттэй тэмцээн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит “Маамуу нааш ир” дууны тэмцээнийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж буй хүүхдүүдийн дунд зохион явуулсан. Бүх ард түмний гавьяат дуучин МУСТА Б.Даваажавын нэрэмжит “Сүнжидмаа” ардын дууны наадам, ардын билиг зүйч ерөөлч магтаалч Л.Агваанжамбалын нэрэмжит өсвөрийн ерөөлч, магтаалчдын аймгийн уралдаан, аймгийн арслан Л.Баяраагийн нэрэмжит өсвөрийн бөхийн барилдааныг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах барилдаан болгон өргөжүүлэн зохион байгууллаа. Мөн нэрт соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа багшийн нэрэмжит өсвөрийн шүлэгчдийн аймгийн уралдааныг “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулж, нийт 44 өсвөрийн шүлэгчийн бүтээлийг шүүн тунгаалгахаар мэргэжлийн шүүгчдэд гардуулж өгөөд байна. ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн соёлын буст өвүүдийг сурталчлан таниулах зорилгоор богино хэмжээний контент нэвтрүүлгийг түмэн олонд хүргэлээ. Үүнд: “Эгшиглэн хөвөрсөн цуур”, “Сэцэн хааны шуранхай”, “Азарга тавих ёс”, “Уртын дуу”, “Хэрлэн голын магтаал” зэрэг контентуудыг ардын авьяастанууд, өвлөн уламжлагч нарын оролцоотойгоор хийж, цахим орчинд байршууллаа. Чингис хотын төвд байрлах хөшөө дурсгалуудыг тайлбарлан хүргэх ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлаасаа хуваалцана уу? 

-Манай байгууллага нь ард түмний хайртай дуучин Н.Төмөрхуягийн нэрэмжит соёлын төв болсонтой холбогдуулан гитартай дуучдын улсын уралдаан, Ардын урлагийн их наадмын хошой алтан медальт,  Монгол Улсын шилдэг морь, бөх цоллооч өргөмжлөлт ерөөлч, магтаалч Хорлын Даваасамбуу багшийнхаа нэрэмжит улсын ерөөлч, магтаалчдын уралдаан гээд бодож төлөвлөсөн ажил их байна. Чингис хотын 28 мянга гаруй ард иргэдэд соёлын үйлчилгээг хүргэдэг нэгж байгууллагын хувьд 1962 онд баригдсан энэхүү барилгаа халж, тав тухтай шинэ орчин бүрдсэн стандарт барилгатай болох урт холын бодлоор хичээж ажиллаж байна.

-Их ажлынхаа хажуугаар зав гарган бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Санаж зорьсон бүхэн тань саадгүй биелэх болтугай. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Сүхбаатар: Морин хуур дэлхийн хөгжим болох эхлэл тавигдсан

“Жонон хар” морин хуурын музей гадаад, дотоодын жуулчдад зориулсан...

Баянгол дүүргийн “SKC” клуб тийболын улсын аварга боллоо

Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний...