Сүхбаатарын талбайд энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Номын баяр” (http://UB Book Fair )-т Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв http://Сонгогчдын Боловсрол Төв, ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio -тай хамтран “Сонгуулийн боловсрол” асарт ажиллаж байна.
“Сонгуулийн боловсрол” асарт Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын албан хаагчид сонгуулийн тухай хууль тогтоомж, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, сонгуулийн боловсрол олгох ном товхимол, сэтгүүл, гарын авлагаар үйлчилж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2024), Монгол Улсын Их Хурлын сонгууль-2024 эмхэтгэл, Сонгуулийн ерөнхий хорооноос улирал тутам эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүл болон Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль эрх зүйн эмхэтгэлийг олон нийтэд түгээж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр болохтой холбогдуулан сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны хуваарь, санал тэмдэглэх зааврыг танилцуулж байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намууд анх удаа санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Улс төрийн намын санхүүжилтийн тайланг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой мэдээлэх зорилгоор “Тунгаахуй” өгөгдлийн урлантай хамтран намын хөрөнгө, 2024 оны орлого, зарлага, хандивын хэмжээг дүрслэл болгосныг “Сонгуулийн боловсрол” асарт дэлгэлээ.
Та бүхэн амралтын өдрүүдэд “Номын баяр”-ын үеэр “Сонгуулийн боловсрол” асарт зочлоорой.
