Thursday, November 21, 2024

Гацаанаас салсан мега төслүүд гараанаас гарна

Date:

Ирэх жилийн төсөв анх удаа Монгол Улсаа нэг тойрог болгон харж, бүсүүдийн хөгжлийг тодорхойлж, дов жалгын ашиг сонирхлыг хойш тавьснаараа онцлог болсон. Өмнө нь тагтаа хооллож байгаа юм шиг жаахан жаахан юм жигд тараадаг байсан бол ирэх жилийн улсын төсөвт тэгээгүй. Тэр нь аймаг, сум, дүүрэг, хорооныхоо өнцгөөс харвал сэтгэл гонсойхоор байгаа нь  үнэн. “Чамд тав, надад тавхан байна” гэлээ гэдэг шиг. Хусмаа чамласан хүүхдүүд урваганах нь ч тодорхой.

Гэхдээ олон жил тулга тойрч эргэлдсэн төсвийн бодлогыг айл саахалтаасаа цааш сэтгэх алсын хараатай болгосон нь том реформ байв. Тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсаны нэг үр дүн энэ. Улс төрийн бодлогод сонгуулийн холимог систем, томсгосон тойрог, эдийн засгийн бодлогод бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал. Үүнийг жил гаруйн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж эхэлсэн. Сонгуулийн хуульд косметик засвар хийж, эрх баригчид өөрсөддөө, их хурал дахь олонхидоо ашигтай хувилбарыг гаргаж ирж байгаад сонгуульддаг жишгийг тэр зоригтой өөрчилсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцооны реформ хийсэн. Үр дүн нь өнөөгийн 126 гишүүнтэй парламент. Цаад агуулгаараа бүх монголчууд хожсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сард МҮОНТ-д ярилцлага өгөхдөө,

-Пропорциональ системийн давуу тал бол улс өөрөө нэг тойрог болно. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ, хөгжлийн бодлогоо ярьдаг болно. Тойрог ярих, нутгархах чухал биш нийгмийн сегментүүд чухалчлагдаад ирдэг. Санал гээгдэхгүй, улмаар нэг нам үнэмлэхүй ялах боломж багасаж, хамтарсан Засгийн газар бүрдүүлэх магадлал нэмэгддэг. МАН, АН-аас гадна 4-5 нам гарч ирэх боломж бий болно. Уг нь энэ бол МАН-д тийм ашигтай өөрчлөлт биш. Байнга ялдаг тоглоомын дүрмээсээ МАН өөрөө татгалзана гэсэн үг. Гэхдээ улсад, нийгэмд хэрэгтэй хэмээн онцолж байв.

Аль ч УИХ, Засгийн газар нэг дор 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зориглож байсан удаагүй. Өнгөрсөн 30 гаруй жилд ямар мега төсөл хэрэгжүүлэв гэхээр Оюутолгой, Тавантолгой, Мянганы зам гэсхийгээд гарын таван хуруунд багтах хэдхэн юм бий. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, төмөр замын төслүүд гээд улс төржилтөөс болж гацсан мега төслүүд харин олон. Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлттэй зэрэгцүүлээд мега төслүүдийг гацаанаас гаргана, хөдөлгөнө, хэрэгжүүлнэ гэж ярьж эхэлсэн нь жил хагасын дараа харахад Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрт тусчихсан, ажил хэрэг болох шатандаа ороод байна.  

Засгийн газраас ирэх онд эхлүүлэх гэж буй 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл л гэхэд гацаанаас бүрэн гарав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард БНХАУ-д ажиллах үеэрээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болсонд тооцох тохироонд хүрсэн.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл гараанаас гарахаар болоод байгаа. Энэ мэтээр Засгийн газрын 14 мега төсөл бүгд ирэх онд хэрэгжиж эхэлнэ. Улстөрчдийн амин хувиа бодсон ашиг сонирхол, нутгархах, тойргоо тойлох, сонгогчдод таалагдах гэсэн популизмын гацаанаас гарсан мега төслүүд ийнхүү гараанаас гарна. Олон улсын байгууллага болон мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харахад эрчим хүч, төмөр замын салбарын мега төслүүд хэрэгжих нь бусад салбартаа үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл өндөр байдаг аж. Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төсөл цахилгаан станцууд болон төмөр зам, боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслүүд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...