Таван салааны ач тусыг монголчууд эртнээс мэддэг, түүнийг хэрэглэж ирсэн түүхтэй. Латинаар Plantаgo гэж нэрлэдэг энэхүү олон наст өвслөг ургамал дэлхий даяар тархсан 250 гаруй зүйл байдаг аж. Ихэвчлэн хөл газар ургадаг учир хогийн ургамал гэж тооцогддог таван салааны анагаах ач тусыг барууны орнуудад ч мэддэг, эмчилгээнд өргөн хэрэглэдэг байна.
Тухайлбал таван салааны өвөрмөц шинж чанар нь түүнийг асар хүчтэй эмийн ургамал гэж нэрлэхэд хүргэсэн бөгөөд флавоноид, иридоид, салст, таннин, чухал эрдэс бодис зэрэг нэгдлээр баялаг учир эрүүл мэндийг сайжруулах олон эрдэмтэй гэнэ.
Амьсгалын замын өвчнийг анагаана. Таван салаа нь тайвшруулах, цэр гадагшлуулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Хамрын салстыг цэвэрлэх, амьсгалыг хөнгөвчлөх үйлчилгээтэй. Ялангуяа салст мембраныг бэхжүүлдэг. Антиоксидант, диоксидант шинж чанартай бөгөөд бие махбодийг чөлөөт радикалууд, хорт бодис, хүнд металлын хор хөнөөлийн нөлөөнөөс хамгаалдаг. Тиймээс таван салаа нь агаарын бохирдол, утаа ихтэй, цацраг туяа ихэссэн хотын оршин суугчдад онцгой ач холбогдолтой юм. Булчингийн агшилтыг намдааж, ханиалгыг намдаана. Таван салааны навч шархны эдгэрэлтийг түргэсгэж, цус тогтоох шинж чанартай.
Мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Гастрит, шархлаа, геморрой зэрэг ходоод гэдэсний өвчний шинж тэмдгийг намдаахад тусалдаг. Үрэвслийн эсрэг шинж чанар нь гэдэсний үрэвслийг бууруулж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг нь тогтоогджээ.
Түүнчлэн батга, экзем, псориаз зэрэг арьсны янз бүрийн өвчнийг эмчлэхэд тустай. Арьсыг чангалж, толигор, эрүүл болоход тусалдаг байна.
Зөгийд хатгуулсан даруй таван салааны навч тавихад хор нь гардаг. Гар, хуруугаа зүссэн үед мөн навчийг нь тавихад шарх нь амархан аньдаг.
Баруунд таван салааны навчаар эмчилгээ, гоо сайхны түрхлэг гаргаж авч ашигладаг байна. Мөн амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнийг дэмжих, арьс арчилгаанд хэрэглэх зорилготой цай, шэйк ч хийдэг аж. Монголд ч хэд хэдэн компани таван салааны навчаар цай хийж худалдаалж буй.
Таван салааны шэйк
Орц:
1 атга шинэ таван салаа, 1 гадил
1 алим (хальсалж, дөрвөлжин хэрчсэн)
1/2 аяга тараг
1/2 аяга сүү
1 халбага зөгийн бал (заавал биш, нэмэлт тэжээлээр)
1/2 цайны халбага чиа үр (заавал биш, нэмэлт тэжээлээр)
Мөс (заавал биш)
Бэлтгэх арга: Таван салааны навчийг сайтар угаана. Холигчдоо гадил, алим, тараг, сүү, зөгийн балыг хийнэ. Ингээд эдгээр орцоо холигчоор эргүүлнэ. Үүний дараа мөс нэмж болно.
Таван салааны цай
Орц:
1-2 хоолны халбага хатаасан эсвэл шинэ таван салааны навч
2 аяга ус
Зөгийн бал эсвэл нимбэг (заавал биш)
Заавар: Буцалж буй усанд 1-2 халбага таван салааны хатсан навч хийж 10-15 минут буцалгана. Зөгийн бал эсвэл нимбэг нэмж болно. Навчийг шүүж авснаар таван салааны цайг хэрэглэдэх бэлэн болно.