Friday, November 22, 2024

“Чингис Соосэ” цогцолбор сургуулийн номын санг СГЗ Л.Нямаа агсны нэрэмжит болголоо

Date:

Их Засаг” олон улсын их сургуулийн “Чингис соосэ” цогцолбор сургуулийн номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаагийн нэрэмжит болгох, мөн Дурсгалын танхим байгуулан алдар нэрийг нь мөнхжүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.

Ёслолын эхэнд “Чингис соосэ” цогцолбор сургуулийн номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн нэрэмжит болгох тухай “Их Засаг” олон улсын их сургуулийн ректорын тушаалыг уншиж сонордуулан, номын сангийн удирдлагад гардуулан өглөө. Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, “Их Засаг” олон улсын их сургуулийн ректор Н.Ням-Осор ёслолыг нээж хэлсэн үгэндээ Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа агсны нэрэмжит номын сан, дурсгалын танхим нээгдэж байгаад баяр хүргэж, цаашид Ломбын Нямаа багшийн өвийг хамгаалах, судлах, хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт хүслээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаагийн нэрэмжит номын санг түүний шавь нар, үе үеийн төгсөгчдийн бүтээлээр баяжуулан, оюутан залуусын оюуны их уурхай болгохын төлөө яруу найраг, уран зохиол, түүх, нийгэм, гүн ухааны чиглэлээр уулзалт, ярилцлага, чөлөөт уншлага зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байх, Дурсгалын танхимд нь Ломбын Нямаа багшийн нэрэмжит утга зохиолын дугуйланг албан ёсоор хичээллүүлэх, оюутан залуусын оюуныг тэлэх уулзалт, хэлэлцүүлэг, семинар зэргийг зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

“Их Засаг” олон улсын их сургуулийн “Чингис соосэ” цогцолбор сургуулийн номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа агсны нэрэмжит болгосонтой холбогдуулан уг номын санд түүний цээж баримлыг нь бүтээн залсан нь онцлох үйл явдал байлаа. Нэрэмжит номын сан, дурсгалын танхимын нээлтийн ёслолын үеэр Ломбын Нямаа агсны шавь нар багшийнхаа уран бүтээлээс уншиж, дурсамж сэтгэгдлээ хуваалцсан юм. Ломбын Нямаа агсны үүсгэн байгуулсан Хан Хэнтий яруу найргийн сургуулийн төлөөлөл болж Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагч С.Наранчимэг, Б.Занданхүү нар дурсамж, сэтгэгдлээ хуваалцаж, яруу найрагч С.Наранчимэг Ломбын Нямаа багшдаа зориулсан шүлгээ уншиж, уг шүлгээ босоо бичгээр уран бичлэгээр тэрлэсэн хуйлмалыг нэрэмжит номын санд нь бэлэглэв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа 1945 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хөмөлийн голд төржээ. Тэрбээр 1965 онд Биндэр сумын бага сургууль төгсөж, улмаар 1970 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ. 1971 оноос Хэнтий аймгийн Заах аргын кабинетэд арга зүйч, Өмнөдэлгэр, Батширээт, Өндөрхааны дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирал, Хэнтий аймгийн Боловсролын төвд арга зүйчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн “Чингис соосэ” олон улсын харилцааны сургуульд багшаар ажиллаж байв.

1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монголын хэл бичиг, утга соёл, уран зохиолын ноён оргил болсон гайхамшигт эрдэмтэн мэргэдээс оюуны шим, номын авшиг хүртэн эрдэм, боловсролын замд цуцалтгүй шамдаж эхэлсэн байна. Тэрбээр “Миний зуун”/1986/, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” /2005/, “Хүн танаа өчих өчил буюу гүн ухааны алаг чулуу” /2006/, “Миний амьдардаг ертөнц” /2015/, “Элегия хязгааргүй” /2024/ яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвисан байна.

Яруу найрагч Л.Нямаагийн уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэргийг үнэлж 2003 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагнал хүртээж, 2007 онд “Ард түмний гавьяат соён гэгээрүүлэгч” цол, “Алтангадас” одон, 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...